0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев халимагийн ард түмэн Орос улсын бүрэлдэхүүнд сайн дураар орсны 400 жилийн ойг тохиолдуулан Халимагийн бүгд найрамдах улсын оршин суугчдад баяр хүргэв. Шударга хөдөлмөрч, эр зоригтой цэрэг эрстэй халимагийн ард түмэн Орос улсын бусад ард түмэнтэй хамт сорил, саад бүхий агуу замыг туулж, Орос улсыг дэлхийн тэргүүлэх гүрний нэг болгосон ялалт, амжилт байгуулсан юм хэмээн цахилгаан хуудаст дурджээ. Монголын баруун хэсэгт оршин суудаг ойрд үндэстний үр сад бол халимагууд юм. Амьдралын хэв маяг, хэл, соёл, шашны хувьд халх монголчуудтай ижил нүүдэлчин ястан. Ойрдын захирагчид 1609 онд оросын хааны харьяат болох тангараг өргөсөн байна. Хожим ойрдуудын энэ хэсгийг оросууд түрэг хэлтэн хөрш улсуудын хэлж заншснаар халимагууд хэмээн нэрлэх болжээ. Халимагууд Эмбы, Яик, Ижил мөрний орчимд суурьшсан байна.