Зуучлагч “зургаагийн” орнууд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэхийн урьд Москва МАГАТЭ-тай идэвхтэй хамтран ажиллахыг Тегеранд уриалав. Орос, АНУ, Их Британи, Хятад, Франц, Герман зэрэг орны дээгүүр тушаалын дипломатчид пүрэв гаригт Женев хотноо Ираны үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Саид Жалилитай дэлхийн хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээж байгаа асуудлыг хэлэлцэх бодолтой байна. Яриа хэлэлцээ хүнд болох төлөвтэй. Иран пуужин туршсан, уран баяжуулах шинэ төв барих тухай мэдэгдсэнээс байдал улам түгшүүртэй болж байна. Иран пуужингийн шинэ технологи ашиглан цэргийн сургуулилт хийснийг хэд хэдэн орон ээлжит өдөөн хатгалга гэж үзжээ. Ялангуяа АНУ пуужингийн системийн бүрэлдэхүүнийг зүүн Европт байрлуулахаас татгалзсаны дараа ийм үйл явдал болов. Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины судлалын шинжээч Борис Долгов энэ байр суурийн талаар мэтгэлцэхдээ, Миний бодлоор Ираны энэ үйлдэл өдөөн хатгалга биш юм. Иран урьдаас боловсруулсан төлөвлөгөөний дагуу цөмийн хөтөлбөр, пуужингийн технологио хэрэгжүүлж байна. Тэгэхлээр энэ бол үйл явдал зүгээр давхцаж байгаа хэрэг. Энэ нь Ираны цэрэг үйлдвэрлэлийн цогцолбор тодорхой амжилтанд хүрснийг гэрчилж байна. Үүний зэрэгцээ пуужин харваж, плутонийн шинэ үйлдвэр барьсан нь галд тос нэмсэнтэй адил болж, олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн юм. Түгшээсэн гэдэг нь нэлээд зөөлдөнө. Франц улсын Гадаад хэргийн яам тогтвортой байдлыг алдагдуулах үйл ажиллагаагаа зогсоохыг Тегеранаас хатуу шаарджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Иран цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй бол хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулж, эцэс төгсгөлгүй яриа хэлэлцээ хийх бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ Тегеран энхийн зорилгоор атомыг ашиглах эрхтэй болохыг Вашингтон хүлээн зөвшөөрчээ. Иран МАГАТЭ-тай нягт хамтран ажилласан тохиолдолд энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа батална. Москва үүнийг л уриалж байна. Тегеран МАГАТЭ-тай үйл ажиллагаагаа уялдуулахаас албан ёсоор хэзээ ч татгалзаж байгаагүй юм. МАГАТЭ-ийн ажилтнууд сүүлийн 2 жилд 200 гаруй удаа Ираны объектудыг шалгасан ч, Иран цөмийн хориотой үйл ажиллагаа явуулж байгааг баталж чадаагүй юм. Одоо Иран Кума дахь баяжуулах шинэ үйлдвэрийг цөмийн зэвсэг бүтээх талбарын хувьд ашиглах бодолгүй байгаагаа батлах ёстой. Америкийн тагнуул энэ объектыг илрүүлсний дараа Иран энэ тухай МАГАТЭ-д уламжилсан нь улам их эргэлзээ төрүүлж байна. Тэгсэн ч гэсэн Иран олон улсын хэм хэмжээг зөрчөөгүй хэмээн Олон улсын харилцаа болон дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Владимир Евсеев үзэж байна. МАГАТЭ-тай байгуулсан гэрээнд цөмийн дурын объект барьж эхэлсэн тухай урьдаас мэдэгдэх тухай зүйл байхгүй, үүнийг Иран овжин ашиглаж байна. Албан ёсны байр сууринаас үзэхэд Иран цөмийн материалыг дүүрэн ажиллуулахаас 180 хоногийн өмнө цөмийн объект барилгын талаар тус агентлагт мэдээлэх үүрэгтэй юм. Тэгэхлээр энэ үе хараахан болоогүй байна. Тиймээс Иран цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний шаардлагыг зөрчөөгүй болохоо баталжээ. Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал өнөөдөр Женев хотноо болох яриа хэлэлцээнээс ихээхэн хамаарна. Женевт болох яриа хэлэлцээний үр дүнгээс хамааран байр сууриа нэлээд уялдуулна хэмээн уулзалтын өмнө Кремль албан бусаар мэдэгдэсэн билээ.