Эрхэм радио сонсогчдын амар амгалан айлтгая. “Оросын дуу хоолой” радиогоор долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Уламжлал ёсоор сонсогчдоос ирсэн захидлын тоймоос эхэлье. Өмнөговь аймгийн сонсогч Д.Мөнхбаяр “Оросын дуу хоолой” радио гадаадын орнуудад нэвтрүүлэг цацаж эхэлсний 80 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэжээ. Тэрээр орос хэл сурах болсон тухай оросоор захидал бичсэн байна. “Би 45 настай. Дунд сургуульд орос хэл үзэхэд, надад гүнзгий сэтгэгдэл төрсөн юм. Би 3-р ангиасаа орос хэл сурч эхэлсэн. Би орос ном уншаад шинэ үг цээжилдэг байв. Орос хэл сайн сурч байна хэмээн манай багш нар намайг ямагт магтдаг байсан. Одоо ч намайг орос Мөнхбаяр гэж дууддаг. Монголын оюутан, сурагчид өнөө үед орос хэлийг гадаад хэлийн хувьд сурах ёстой гэж би боддог.”Манай өөр нэг сонсогч “Оросын дуу хоолой” радиогийн гадаадад нэвтрүүлэг цацсаны 80 жилийн ойд зориулж оросоор бичсэн аян замын тэмдэглэлээ бидэнд илгээжээ. Д.Равданасамбуу үүнийг утга төгөлдөр “Хараа оруулсан Эрхүүгийн хавар” хэмээн тэрээр тэмдэглэлээ нэрлэжээ. “Өгөөмөр ард түмэн, эртний түүхтэй, мөн цэвэр тунгалаг Байгал нуурын дэргэд орших Эрхүү хотыг би ямар учраас зорьсон бэ? хэмээн өдгөө нас сүүдэр 80 шүргэж байгаа Д.Равданасамбуу бичжээ”. Би хараагүй болсон тул тийш явсан юм. Тэнд очихын өмнө би Улаанбаатар хотын нүдний бүх эмнэлгийг гүйцээж, БНХАУ-ын эмч мэргэжилтнүүдэд хандсан боловч хараанд өөрчлөлт гарсангүй. Азаар хөрш маань Эрхүү хотод нүдэнд хүнд хагалгаа хийдэг тухай сайхан мэдээг надад дуулгасан юм. Би Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирж, Эрхүүд очихоор бэлдсэн. Би өөдрөг бодолтой байсан. Орос эмч нар надад хараа оруулж, харих замд таарах бүхнийг үзэж харна гэдэгт би итгэлтэй байсан. Улсын их хурлын гишүүн Энхтүвшин Эрхүүд очиход тусалсан. Эрхүү хотод консул Базархүү намайг тосч байв. Федоровын нэрэмжит нүдний бичил мэс заслын эмнэлэгт мэргэжлийн өндөр түвшинд шинжилгээ хийсний дараа миний баруун нүдэнд хагалгаа хийсэн. Хагалгааны дараа нүдний боолт тайлахад ногоон-улбар шар өнгийн туяа татсан. Ойр орчмын эд зүйлийг харж эхэлсэн. Энэ үнэхээр аз жаргалтай мөч байлаа.  Үүгээр ч зогсохгүй. “Нэг нүд хараа орно гэдэг үнэхээр сайхан хэрэг” хэмээн Д.Равданасамбуу үргэлжлүүлэн ярив. Танай радио Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан зарласныг би сонсоод, оролцлоо. Би хараа орсны ачаар уншиж, бичиж, уралдаанд нэгдүгээр байр эзэллээ.” Эрхэм Д.Равданасамбуу танд юуны түрүүнд хараатай болсонд, мөн уралдаанд түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Манай редакцийн хамт олон танд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж байна.  Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сонсогч Ц.Даваасамбуу Улаанбаатар хотод суугаа эгч Оюундэлгэр, түүний гэр бүлийнхэнд ая дууны мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Эгч дүү Толмачевын дуулсан “Хурандаа” дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Алтайн бүгд найрамдах улсын нүдний эмч Юрий Косарев склероэктоми шинэ мэс заслаар хөрш Монгол Улсын Баян-Өлгий аймгийн оршин суугч 73 настай Хамиз Какарманы нүдний даралт ихсэх өвчнийг эмчилж, хараа оруулжээ. Хамизын хоёр нүд нүдний даралт ихсэх өвчний улмаас харалган болсон тул өвчтөний баруун нүдэнд Уулын Алтайн бүгд найрамдах улсын эмнэлэгт мэс засал хийжээ. Юрий Косарев эмч 2005 онд түүний зүүн нүдэнд ийм мэс засал хийсэн юм. Өвчтөний хоёр нүдэнд цаг алдалгүй, зөв мэс засал хийсэн тул өвчтөний харааны ажиллагаа хэдэн арван жил сайн байна. Нүдний даралт ихсэн өвчтэй хүнд илэрдэг харааны мэдрэл атрофия нь харалган болгодог өвчин юм. Юрий Косарев нь Орос улсын гавьяат эмч, 40 гаруй жилийн ажлын туршлагатай нэгэн. Тэрээр тус бүгд найрамдах улсад анх удаа нүдний даралт ихсэх өвчнийг бага гэмтэлтэй ч, мэс заслын аргаар эмчилжээ. Өвчин бүрмөсөн хараагүй болгодог харааны мэдрэл, нүдний торлогийн эмгэг илэрсэн тохиолдолд энэ мэс заслыг хийдэг. Үүнээс өмнө нүдний даралт ихсэх өвчтэй хүнд илэрсэн тэр өөрчлөлт нүдний шингэнийг хэвийн болгох мэс заслын дараа ч, сэргээгддэггүй байна. Склероэктоми нь нүдний шингэнийг гадагшлуулах шинэ зам бий болгож, илүүдэл хэсэг нь нүдний даралтыг ихэсгэж, харааны мэдрэлийн атрофиг хөгжүүлдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр глаукома нь харалган болгодог тэргүүлэх өвчний нэг юм. Алтайн бүгд найрамдах улс болон Баян-Өлгий аймгийн хамтын ажиллагааны тухай гэрээний хүрээнд Уулын Алтайн бүгд найрамдах улсын эмнэлэгт энэ мэс заслыг хийжээ. Бид Хамиз Какарманы өмнөөс их баярлаж байна. Түүнд урт удаан наслахыг ерөөе. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Бид Булган аймгийн Тэшиг сумын сонсогч Д.Долгорсүрэнгийн хүсэлтийг дуртая биелүүлье. Тэрээр сумынхандаа ая дууны мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэн юм. “Цэцэг” хамтлагийн “Бид танд аз жаргал хүсье” дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийн ээлжит дугаараа үргэлжлүүлье. Хэнтий аймгийн Норовлин сумын сонсогч Г.Гэндэн Александровын нэрэмжит дуу, бүжгийн академи хамтлагийн тухай өгүүлэхийг хүссэн юм. Улаан тугийн одонгоор хоёр удаа шагнуулсан Александровын нэрэмжит Оросын армийн дуу, бүжгийн академи ансамбль нь Орос улсын цэргийн томоохон уран сайхны хамтлаг юм. Тус хамтлаг 1928 оны 10-р сарын 12-нд Улаан армийн төв байранд 12 хүний бүрэлдэхүүнтэй анх тоглосоноор үүсгэн байгуулагдсан гэж үздэг. 1930-аад онд тус хамтлагийн гишүүдийн тоо 300 болтол нэмэгдэж, нэр хүнд нь Оросын нутгаас халисан юм. 1978 онд тус хамтлаг мэргэжлийн аттестачлалын дээд хэргэм хүртэж, 50 жилийнхээ ойгоор академи болжээ. ЗХУ-ын ардын жүжигчин, Москвагийн консерваторийн профессор, хошууч-генерал Александр Александров тус хамтлагийг зохион байгуулагч, хөгжмийн анхны удирдаач бөгөөд хамталгийг 18 жилийн турш тэргүүлжээ. Хожим түүний хүү ЗХУ-ын ардын жүжигчин, Социалист хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Ленины болон төрийн шагналтан, хошууч-генерал Борис Александров хамтлагийг 41 жил тэргүүлсэн байна.
Өнөөгийн байлаар хамтлаг 186 хүний бүрэлдэхүүнтэй. Тэдгээрээс гоцлол дуучин 9, эрэгтэй хор /64 хүн/, найрал хөгжимчид /38 хүн/, бүжгийн холимог бүлэг /35 хүний/ бүрэлдэхүүнтэй байна. Хамтлагийн бүх гишүүн хөгжмийн болон бүжгийн тусгай боловсролтой юм. Хамтлагийн эрэгтэй найрал дуучдыг дэлхийн шилдэг найрал дуучдын нэг билээ. Хамтлагийн эрэгтэй найрал дуучид цээл хоолой, дуулах дээд зэргийн ур чадвараар ялгардаг. Харин бүжгийн хамтлаг бүжгийн урлагийн хамгийн дээд өндөрлөгийг илтгэн харуулдаг. Ер бусын бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийн сайхан хөг аялгуунаас найрал дуучид, бүжгийн хамтлагийн амжилт ихээхэн хамаардаг. Найрал хөгжимчид балалайк, баян зэрэг ардын хөгжмийн зэмсгийг гайхалтай хослуулдаг. Эх орны дайны жилүүдэд тус хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр 1500 гаруй удаа тоглолт хийсэн юм. Өнөө үед ч ялгаагүй тогтсон уламжлалаар Оросын армийн цэргийн тойрог, анги нэгтгэлд концерт тоглож байна. Тус хамтлаг байлдааны ажиллагаа болж байгаа “халуун цэгт” нэг бус удаа очиж, концерт тоглож байсан юм. Хамтлаг оросын өндөр дээд шагнал хүртсэн билээ. Хамтлагийн урын санд 2 мянга гаруй бүтээл бий. Энэ дотоодын хөгжмийн зохиолчдын дуу, ардын дуу бүжиг, цэргийн бүжиг, оросын болон гадаадын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээл, дэлхийн поп хөгжмийн шилдэг дуунууд багтсан. Одоо Александровын нэрэмжит дуу бүжгийн академи ансамблийн “Аясын дуу” орос ардын хөгжилтэй дууг сонсоцгооё. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Улаанбаатар хотын сонсогч С.Дагвадорж, Өмнөговь аймгийн сонсогч Е.Бямбажав, Увс аймгийн Буруун түрүүн сумын сонсогч Ш.Жамбалсүрэн нар байгаль, ургамал, амьтныг хамгаалах Орос улсын арга хэмжээний талаар өгүүлсэн нэвтрүүлэг сонирхолтой болохыг захидалдаа тэмдэглэжээ. Оросын Алс Дорнодын шинжлэх ухаан академийн Уссурийскийн дархан цаазат газар засгийн газрын дэмжлэгээр уссурийскийн барыг аврах үндэсний хөтөлбөр буюу байгаль хамгаалах өргөн хүрээтэй төслийг хэрэгжүүлж байна. Одоо энэ ховор амьтныг 24 цаг тасралтгүй ажиглах боломжтой. Оросын эрдэмтэд энэ араатныг хиймэл дагуулаар ажиглана. Төвөгтэй, өртөг өндөр ч, энэ үр ашигтай юм. Ганц ч араатан хараанаас гарахгүй. Хамгийн том, хойд нутгийн барыг эрт дээр Улаан номонд оруулсан. Одоо энэ бар Примор, Хабаровскийн хязгаар, Амур муж, Хятадад тун ховор тааралддаг. Янз бүрийн тоо баримтаас үзэхэд дэлхийд 300-450 толгой амурын бар байдаг. Оросын эрдэмтдийн боловсруулсан хөтөлбөрөөр энэ ховор амьтныг хамгаалж, өсгөнө. Хүн, барын зөрчлийн улмаас ийм хөтөлбөрийг боловсруулсан. Бар хүний оршин суудаг газар үзэгдэх болжээ. Бар сайн сайхан амьдарлаас зугтан ой тайгаас гарч байгаа юм биш. Араатны оршин байдаг уламжлалт нутгийн ой модыг сүйтгэж эхэлжээ. Харин хууль бус анчид хатуу хоригийг үл харгалзан амурын муурыг үргэлжлүүлэн хороосоор байна. Жил тутам нийт тоо толгойн дөрөвний нэг буюу 80 барыг хөнөөж байна. Одоо бар бүрийг байнга ажиглаж, тэдэнд датчик бүхий тусгай төхөөрөг зүүнэ. Барын хүзүүнд зүүлсэн энэ хиймэл дагуулаар өдөрт 3 удаа араатны хөдөлгөөний талаар мэдээлэл дамжуулна. Компьютерийн дэлгэцнээ барыг жижиг цэгээр харуулна. Эхлээд барыг хөнгөхөн хавхаар барина. Барын нутагладаг замд гүнзгий бус нүхэнд амьтныг үл гэмтээх зөөлөн трос, чанга пурш тавьжээ. Хавханд орсон баранд унтуулах тариа хийж, датчик бүхий тусгай хүзүүвч зүүнэ. Датчикийн зай 500 хоног үргэлжлэх бөгөөд зай дуусахад хүзүүвч аяндаа тайлагддаг байна. Барьсан баранд молекул-генетикийн шинжилгээг үе үе хийдэг. Амурын бар хавханд орсон эсэхийг шалгахаар тусгай баг өглөө бүр ой тайгад очдог. Бар маш болгоомжтой, нууцлаг амьтан. Заримдаа бар хавханд орохыг хэдэн сараар хүлээхэд хүрдэг. Амурын барыг аврах хөтөлбөрийг Оросын хөхтөн амьтныг судлах хамгийн том хөтөлбөр хэмээн үздэг байна. Энэ хөтөлбөр 5 жилээр хэрэгжинэ. Ойрын үед Орост нутагладаг муурын бусад ховор төрлийг хамгаалах хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бид “Манай шуудангийн хайрцаг” ээлжит нэвтрүүлгээ өндөрлөж байна. София Ротару “Гитартай бүсгүй” дуу дуулна. Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг радиогийн www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.
<сонсох>