ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн 3 хоногийн ажлын айлчлалын эхний хэсэг Нью-Йоркт эхэлж байна. Айлчлалын хоёр дахь хэсэг 9-р сарын 24-нд Питсбургт “хорийн” дээд хэмжээний уулзалтаар эхэлнэ. Айлчлалын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүйг “Оросын дуу хоолой” радиогийн тусгай сурвалжлагч Михаил Куракин Нью-Йоркоос дамжуулна.  Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д айлчилж байна. Орос улсын төрийн тэргүүн юуны түрүүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэрээс үг хэлнэ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн АНУ, Хятад, Франц, Их Британи зэрэг улсын удирдагчид оролцох ерөнхий улс төрийн өргөн хэлэлцүүлэг тэнд эхэлж байна. Орос улсын тэргүүн дэлхийн нөхцөл байдлын талаарх зарчмын үнэлгээ, тулгамдсан гол асуудлаарх Орос улсын байр суурь, олон улсын харилцааны орчин үеийн системийг илүү шударга, тэнцвэртэй, аюулгүй болгох хэд хэдэн саналыг танилцуулна. НҮБ дахь ажлын хоёр дахь өдөр Д.Медведев дээд түвшинд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд оролцоно. Энд цөмийн зэвсэг хураах, үүнийг үл дэлгэрүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Оросын төлөөлөгчдийн хэлснээр үй олноор хөнөөх зэвсэг, мөн үүнийг зөөвөрлөх хэрэгслийг дэлгэрүүлэх аюул заналтай тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг нэгтгэхэд энэ хурал чухал үе шат юм. Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны төгсгөлд эхийг нь уялдуулах шатандаа байгаа тогтоолыг батлахаар төлөвлөж байна. Ирэх жил болох үл дэлгэрүүлэх тухай гэрээний талаарх бага хуралд ахиц дэвшил гаргахад ийм тэнцвэртэй баримт бичгийг уялдуулах нь чухал хэмээн оросын дипломатчид тайлбарлав. Д.Медведев дараагийн өдөр дэлхийн хөгжингүй болон хөгжиж байгаа томоохон “хорийн” орны удирдагчдын ээлжит уулзалт болох Питтсбургт очино. Энэ дээд хэмжээний уулзалт энэ оны 4-р сард болсон дээд хэмжээний уулзалтын адилаар олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын илүү шударга, ил тод шинэ систем байгуулах, дэлхийн хямарлаас гарах арга замыг хайхад чиглэнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д айлчлахдаа хоёр талын хэд хэдэн уулзалттай. Юуны түрүүнд мэдээж хэрэг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзана. Үйлчлэх хугацаа нь энэ оны адагт дуусах Стратегийн давшилтын зэвсгийн талаарх гэрээний ажлыг урагш ахиулах тухай ярих нь дамжиггүй. Мөн Чехи, Польшид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөнөөс АНУ саяхан татгалзсан асуудлыг хэлэлцэнэ. Энэ алхамыг Москва сэтгэл хангалуун хүлээж авсан юм. Ойрын өдрүүдэд Орос улсын ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Японы шинэ ерөнхий сайд Хатояма, бусад орны удирдагчидтай уулзах маш шахуу хөтөлбөртэй байна. Эцсийн дүнд ийнхүү үг хэлж, уулзалт, яриа хэлэлцээ дэлхий ертөнцийг бүхэлд нь тогтвортой, аюулгүй болгоход түлхэц болно гэдэгт оросын төлөөлөгчид найдаж байна.