Өвөрбайгалийн нийслэл Чита хотод Халх голын баатаруудад зориулсан дурсгалын цогцолбор нээхээр бэлтгэж байна. Монгол улсад 1939 онд дөрвөн сар үргэлжилсэн зарлаагүй дайнд Өвөрбайгалийн олон цэрэг амиа алдсан юм. Тэр үеийн үйл явдал, ялалт байгуулахад амиа өргөсөн хүмүүсийн дурсгалд Чита хотын тэр тулалдаанд оролцсоын баатаруудын хөшөөг сэргээн засварлаж, дурсгалын цогцолбор байгууллаа. Читын засаг захиргааны олон нийттэй холбоо тогтоох хэлтсийн орлогч дарга Александр Лыцусь манай тусгай сурвалжлагч Ольга Павловичид ийнхүү ярив. Тэр үйл явдалд оролцсон хоёр ахмад дайчин Халх голын баатаруудын хөшөөг сэргээн засварлах санаачилга гаргасныг манай хотын удирдлага дэмжсэн хэрэг. Чита хотын тэргүүлэх архитекторч Виктор Кулеш дурсгалын цогцолбор байгуулах төсөл боловсруулсан юм. Хөшөөг сэргээн засварлахаас гадна ойр орчимд нь дурсгалын цогцолбор байгуулахад 30 сая рубль шаардлагатай байсан. Хувь хүн, олон байгууллага, компани буяны энэ үйлсэд хувь нэмэр оруулсан. Бид хоёр жилийн турш энэ мөнгийг цуглуулж, энэ оны хавар ажлаа эхэлсэн юм. Дурсгалын шинэ цогцолборыг ард түмний хөрөнгөөр босгосон гэж хэлж болно. Өнөөгийн байдлаар дурсгалын цогцолбор бэлэн, хөшөөг сэргээн засварласан байгаа. Орой дээр нь улаан армийн од хатгасан 9 метр өндөр боржгин сэлэм юм. Үүний хажууд Халх голд, мөн эмнэлэгт амь үрэгдсэн зөвлөлтийн 588 цэргийн нэрсийг сийлсэн самбар байрлуулсан. Дурсгалын цогцолборын эргэн тойронд хашаа хатгаж, будаж янзлаад, зам тавьсан байгаа. Хөшөөнөөс холгүй харуул зогсоно. 
Самбар дээр сийлсэн баатаруудын нэрсийг хэрхэн тогтоосон бэ? 
Зөвлөлтийн армийн төв архивт 1980-аад онд Халх голын тулалдаанд оролцсон Өвөр байгалийн 222 хүний нэрс байсан. Бусад цэрэг эрсийн нэрийг бага багаар цуглуулсан. Хязгаарын оршин суугч, Читын хүн амд хандсан. Халх голын тулалдаанд амь үрэгдсэн цэргүүдийн үр хүүхэд, төрөл садан нь тэдний фронтоос илгээсэн захидал, гэрэл зураг, баримт бичгийн хуулбарыг авчирч байсан юм. Ингээд бид 588 хүний нэрийг тогтоосон. Амь үрэгдсэн цэргүүдийн нэрс цаашид нэмэгдэнэ. 1939 онд фронт манай бүс нутаг дэргэд байсан. Энд бэлтгэл цэргийг татаж, Өвөрбайгалийн цэргийн тойргийн 57 дахь буудлагын дивизийг байгуулсан юм. Чита хотод цэргийн 321 дэх эмнэлэг байгуулж, сүүлийн үеийн мэдээгээр Халх голын тулалдаанд шархадсан 4500 хүн энд эмчлүүлжээ. Бид эрэл хайгуул хийх үеэр тэр дайны олон үйл явдал, зөвлөлтийн дайчдын баатарлаг үйлсийг мэдэж авсан.
Дурсгалын цогцолборыг хэзээ нээх вэ?
Дурсгалын цогцолборыг 9-р сарын 24-нд 12 цагт нээнэ. Нээлтийн ёслолд тус хязгаар болон хотын удирдлага, Монголоос зочид, Халх голын тулалдаанд амь үрэгдсэн цэргийн үр хүүхэд, төрөл садан, мэдээж хэрэг тулалдаанд дайтаж явсан ахмад дайчид өөрсдөө оролцоно. Өнөөгийн байдлаар Өвөрбайгалийн хязгаарт Халх голын тулалдаанд оролцсон 10 хүн оршин сууж байна. Тэднийг мөн нээлтэд урьсан. Эрүүл мэндийн байдлын улмаас ёслолын ажиллагаанд бүгд оролцох аргагүй. Энэ өдөр ахмад дайчидтай уулзаж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан баярын концерт болно. Сибирийн цэргийн тойргийн оюутан, цэргийн албан хаагч, манай хязгаарын энгийн иргэд энэ бүх арга хэмжээнд оролцоно.
Та бүхэнд Чита хотын засаг захиргааны олон нийттэй харилцаа тогтоох хэлтсийн орлогч дарга Александр Лыцусьтай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>