Хөвсгөл нуур, Дарханы хотгор, Эрдэнзуу, Чингис хааны дурсгалын цогцолбор, Говь цөл, олон төрөл зүйл шувуу, зэрлэг ан амьтан, цагаан эсгийтэй гэр, бэлчиж буй сарлаг, улаан элс, хурц нар, эртний баялаг түүх, соёл болон хүмүүс энэ бүхэн Монголын зураач, аялагчдын сонирхолыг татаж байна. Барнаулын Щетины нэрэмжит уран зургийн галарейд алтай болон монголын зураачдын үзэсгэлэнг тогтмол гаргадаг. Энэ өдрүүдэд тус галарейд Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарч байна.
Уран зургийн галарейн захирал Альмира Лисицына манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьжээ. “Монгол-Орос улс” нэртэй үзэсгэлэн гарч байна. Монголын сэдэв манай галарейн уламжлалт сэдэв болсон. Өнгөрсөн намар энд Монголд хийсэн экспедицийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Энэ удаа Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарч байна. Монгол улсад энэ ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэсэн тул бид ч энэ үйл явдалд анхаарал хандуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтэнд Монгол Улсын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа тэргүүтэй монголын төлөөлөгчид оролцсон. Тэд Алтайн хязгаарт соёл-гэгээрлийн айлчлал хийсэн юм. Дотно, үр бүтээлтэй уулзалт болсон гэж уран зургийн галарейн захирал Альмира Лисицына ярьж байна. Алтай болон монголын зураачдын 40 гаруй зургийг үзэсгэлэнд тавьсан. Манай хөрш Монгол улсад хамаатай график бүтээл, хөрөг зураг, байгалийн сэдэвт, сэдэвчилсэн зураг байна. Үзэсгэлэнд бүтээлээ тавьсан зураачдын нэг, Монголд олны танил болсон Орос улсын гавьяат зураач Федор Торховын монголын малчин ард, ажилчин, улс төрч, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтнүүдийн хөрөг зургийг үзэсгэлэнд тавьсан байна. Михаил Будкеев “Монгол улсын эртний нийслэл Хархорин”, “Үдийн цайгаар”, “Тэмээчин”, “Замд хоюулаа” зэрэг сэдэвт зургаа дэлгэн үзүүлжээ. Мөн монголын зураач Гантулга, Амарзаяа, Мягмар, Султан, Дамдинсүрэн нарын будаг, туш зургийг мөн дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнд ирж байгаа хүмүүс уран зургийг их сонирхож байна. Зөвлөлт, монголын цэргүүд японы милитаристуудын эсрэг мөр зэрэгцэн дайтаж явсан Халх голын ялалтын 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд бид бага ч болов хувь нэмэр оруулсандаа бид их баяртай байна. Та бүхэн уран зургийн галарейн захирал Альмира Лисицынтай хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>