Японы Гадаад хэргийн шинэ сайд Кацуя Окада ажлын мөрдөн шалгалт явуулах заавар өглөө. Японы үндсэн хуулийн цөмийн зэвсэггүй зарчмыг зөрчин тус улсын нутаг дэвсгэрээр цөмийн зэвсэг тээвэрлэх тухай нууц гэрээ Токио, Вашингтоны хооронд байгуулсан эсэхийг мөрдөн шалгалтаар тодруулах юм. Кацуя Окада Гадаад хэргийн сайдын албан тушаалд томилогдсоны дараахан анх удаа хийсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдэв. Нууц гэрээ бий гэх өндөр магадлалтай ч, дорвитой баталгаа алга гэж сайд үзэж байна. Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч дарга Митози Ябунака мөрдөн шалгалт хийх тусгай бүлэг есдүгээр сарын сүүлчээр ажиллаж эхлэх тухай урьд мэдэгдсэн билээ. Японы шинэ сайд Вашингтонд айлчлах үеэрээ Токиогийн энэ төлөвлөгөөг АНУ-д уламжлах бодолтой байна. Токио, Вашингтон 1960-аад оны эхэн үеээс “Цөмийн зэвсэггүй зарчмыг” зөрчин Япон улсын нутгаар цөмийн зэвсэг тээвэрлэхийг зөвшөөрсөн нууц тохиролцоо байгуулсан гэж Гадаад хэргийн дэд сайд асан хэд хэдэн хүн баталж байгааг сануулах хэрэгтэй. Энэ нууц гэрээний талаар бүх ерөнхий сайд нарт бус Гадаад хэргийн яамны дээгүүр тушаалын ажилтнуудад мэдээлсэн гэж тэмдэглэжээ. Лхагва гаригт бүрэн эрхээ шилжүүлсэн Японы өмнөх засгийн газар АНУ-тай цөмийн зэвсэг тээвэрлэх тухай нууц гэрээ байгуулсныг эрс няцааж, энэ талаар нэг бус удаа албан ёсны мэдэгдэл хийсэн юм. Япон-америкийн харилцааны асуудлыг 40 гаруй жил судалж байгаа Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн шинжлэх ухааны доктор Святослав Мильграм энэ талаар ийм байр суурьтай байна.  Олон улсын гэрээ хэлэлцээний нууц зүйл нь мэдээж хэрэг гавьяатай, бахархах үйлс, мөн сайн үлгэр биш юм. Гэсэн ч ийм баримт бичгийг нууцаар байгуулах нь түгээмэл үзэгдэл. Энэ үл бүтэх үзэгдэлд гайхаж, шогшрох зүйл байхгүй. Гайхалтай нь олон улсын эрх зүй, үндэсний тусгаар тогтнол, тэгш эрх, ижил аюулгүй байдал зэргийг дээдэлж байгаа мэт “дүр эсгэгчид” үүнийг өргөн ашиглаж байна. Энэ байдал Вашингтонд газар авсан. Нууц бүхэн илэрдэг гэж ярьдаг. Муу, хорон санаа агуулсан бүхэн эрт, хожид хэзээ боловч илэрдэг. Далдуур хийсэн нүгэлийн лай ланчигийг үүрэх цаг ирдэг. Одоо японы шинэ засгийн газар асуудлын жинхэнэ үнэн мөнийг тодруулж, Японд эрт дээр зарласан цөмийн бус гурван зарчмаас няцах боломжийг хүчингүй болгохыг шаардана. Японы ерөнхий сайд агсан, либерал ардчилсан намын ахмад гишүүн Эйсако Сато энэ гурван зарчмыг 1968 онд боловсруулсан юм. Либерал ардчилсан нам төр барих эрхийг Юкио Хатаямийн удирдлагад шилжүүлээд байна. Ард түмний ашиг сонирхолд жинхнээсээ үйлчилж, гадаад бодлогыг эргэн харах тухай сонгуулийн өмнө амласнаа биелүүлэх бүх нөхцөл түүнд бий. “Бусидо” самурайн нэр төрийн дүрмийн дагуу тэр ийм үүрэгтэй. Хятояма нь Японд түүнийг нэрлэдэгчлэн “харь гаригийн хүн” төдийгүй эртний баатарын үр удам юм. Хэлснээ биелүүлэхгүй бол самурайн хуулиар амиа егүүтгэнэ.  “Оросын дуу хоолой” радиогийн бэлтгэсэн материалыг хүргэлээ.