Бен Ладены шинэ мэдэгдэл түүний нэр алдрыг тойрсон шүүмжлэлийн давалгаан дэгдээлээ. Бен Ладены мэдэгдэл бүр суртал ухуулгын шуугиан дэгдээж байв. АНУ-ын тодорхойлсон дэлхийн номер нэг алан хядагчийг ямар учраас өнөө хир баривчлаагүй вэ? гэсэн асуулт урган гарч байна. Бен Ладеныг баривчлах нь гол зорилт хэмээн АНУ-ын мөчирлөсөн сүлжээ бүхий тусгай албад эрт дээрээс ярьж байгаа. АНУ эрт дээрээс цохилт өгнө хэмээн амласан ч, Бен Ладены тэргүүлдэг “Аль-Каида” бүлэг ямар учраас үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна вэ? гэсэн өөр нэг асуулт урган гарч байна. Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Виктор Надеин-Раевский “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дээрх асуултанд ийнхүү хариулж байна.  Аль-Каида бүлэг ялагдаж, хохирол амсаж байгаа. Гэхдээ терроризмын эсрэг тэмцэлд холбоотнуудаасаа илүү их хувь нэмэр оруулснаа бүх талаар батлахыг оролдож байгаа америкчүүд тус бүлэгт цохилт өгөөд байгаа юм биш. Хамгийн гол нь “Аль-Каида” бүлэг Ойрх Дорнодод нэр хүндээ алдаж байгаад гол учир нь байгаа. “Аль-Каида” бүлэг Газын Зурваст ХАМАС бүлэглэлийн санаачилгыг шүүрэн авах гэж оролдоод бүтэлгүйтсэн. Энд, мөн Иордан голын баруун эрэгт ч тэр Аль-Каида бүлгийг бут ниргэсэн. Ливанд Хезболла хөдөлгөөн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн “Аль-Каида” бүлгийн оролдлогыг няцаасан. Аль-Каида бүлгийн зэвсэгт этгээдүүдийн гарт энгийн иргэд үрэгдэж байгаад эгдүүцсэн Иракийн суммитууд урьд тус бүлгийн эсрэг мэдэгдэл хийсэн юм. Ойрх Дорнодод Аль-Каида бүлгийн дэмжигчид үлдсэн ч, урам хугарах нь илт байна. Нэг талаас Аль-Каида бүлгийн үйлдэл, нөгөө талаас АНУ-ын үйлдэл, мэдэгдэл давхцаж байгаа нь илт мэдэгдэж байна. Нэг удаа давхцана, хоёр, гурван удаа давхцахад, энэ үнэхээр давхцаж байна уу? гэх асуулт гарна. Ерөнхийлөгч Жорж Бушийн үед америкийн засаг захиргааны нэр хүнд буурч, үүнийг терроризмын эсрэг тэмцэлийн тухай мэдэгдлээр бэхжүүлэх шаардлагатай тэр үед Бен Ладен мэдэгдэл хийдэг. Мэдэгдлээр хязгаарлагдахгүй. АНУ Аль-Каида бүлгийн эсрэг тэмцэнэ гэсэн шалтгаар 2003 онд Иракт цөмрөн орсныг бид санаж байгаа. Харин Аль-Каида бүлэг ийнхүү цөмрөн орсныг далимдуулан бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэхийг оролдсон юм. Харин АНУ энэ оролдлогыг тус бүс нутагт цэргийн төлөөллөө өргөжүүлэх шалтаг болгосон. Нэг тийм хаалттай тойрог үүсч байна. Афганистанд зөвлөлтийн цэргийн эсрэг тэмцэхэд АНУ-ын Тагнуулын удирдах газрын шууд оролцоотой Аль-Каида бүлгийг байгуулсан нь өөрийн эрхгүй санаанд орж байна. Тэд ямар нэг харилцаатай байгаа юу? Аль-Каида бүлэг америкийн эсрэг мэдэгдэл хийж, америкчүүдийн эсрэг алан хядах ажиллагаа үйлдэж байгаа шүү дээ хэмээн надад хэлэх байх. Энэ тийм биш. Нэгдүгээрт Аль-Каида бүлгийн цэргийн ажиллагааны гол талбар АНУ бус Ойрх Дорнод юм. Хоёрдугаарт Аль-Каида бүлэг лалын шашныг хамгаалах, ойрх дорнодын ард түмний ашиг сонирхолын төлөө тэмцэх гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулж, хүмүүсийг төөрөгдөлд оруулаагүй бол тус бүлэгт хэн итгэж, тэд үйл ажиллагаагаа явуулж чадах байсан гэж үү? Аль-Каида бүлгийн удирдагчийг барих аргагүй. Тиймээс ч түүнийг номер нэг террорист хэмээн нэрлэсэн. Түүнийг барих ч ашиггүй юм.  Та бүхэн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Виктор Надеин-Раевскийн “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагыг сонслоо.