“Их хорийн” орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар эдийн засгийг төрөөс идэвхтэй дэмжихээ зогсоох цаг болоогүй гэсэн дүгнэлт хийлээ. Лондонд болсон Их хорийн сангийн сайд нарын ажлын гол үр дүн ийм байлаа гэж ОХУ-ын Сангийн сайд, Засгийн газрын дэд сайд Алексей Кудрин хэллээ. “Хамгийн гол хямарал дуусаагүй, тодорхойгүй байдал хэт өндөр хэвээр, өсөлт хараахан тогтворгүй байна” гэж хуралдааны төгсгөлд тэр ийнхүү мэдэгдэв.  Эдийн засагт санхүүгийн эрчимтэй дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг зогсоох стратегийг эхлүүлэх эсэх асуулт энэ удаагийн их хорийн уулзалтын хамгийн гол асуудлын нэг байсан юм. Франц, Германы сайд нар хямарлын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх цаг болсон гэж үзэж байна. Харин Их Британи болон Бразил, Орос, Энэтхэг, Хятад улс зэрэг БРИК-ийн орнууд эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөрөө үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Банкнаас эдийн засагт олгосон их хэмжээний хөрвөх хөрөнгийг хумина гэдэг шүдний оог саванд нь буцааж хийхтэй адил хүнд хэмээн анхааруулж ч байлаа. Лондонд болсон хуралдааны төгсгөлд зарчмын хэд хэдэн тохиролцоонд хүрчээ. Тухайлбал улс бүр хямарлаас гаргах төлөвлөгөөгөө тодруулах шаардлагатай байгаа юм. Төлөвлөгөө хэрэгтэй гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд эрт байна гэдэгт форумд оролцож байгаа бүх хүн санал нэг байна. Тэд Олон улсын валютын сангийн капиталын квотыг хуваарилах ирээдүйн механизмын тухайд байр сууриа тодруулах, дэлхийн санхүүгийн зах зээлийг зохицуулах ерөнхий дүрэм боловсруулах ажлаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Алексей Кудрины үзэж байгаагаар Их хорийн өнөөгийн хуралдаан Лондонд гуравдугаар сард болсон уулзалтыг бодвол илүү тайван шинжтэй болжээ. “Бид хоёр улирал дараалан эдийн засгийн чөлөөт уналт болсон нөхцөлд уулзсан. Эцсийн дүнд уналт зогссон тул өнөөдөр бүгд тайван байна” гэж ОХУ-ын Сангийн сайд тэмдэглэв. Орос улсын эдийн засаг хямарлын өмнөх түвшинд хүрэх буюу 2012 онд Орос улс хямарлаас гарна хэмээн урт хугацааны таамаг хийлээ. Үүний зэрэгцээ Алексей Кудрин 2009 оны 3-р улиралд эдийн засгийн уналтыг даван туулах үе хэмээн нэрлэв. Тиймээс Орос улс Олон улсын Валютын сангийн санал болгосон мөнгийг өнөөдөр авах шаардлагагүй гэдэгт тэр итгэлтэй байна.  Хүнд мөчид Орос улсад бараг 8,8 тэрбум доллар олгох боломжтой гэж Олон улсын валютын сан мэдэгдэв. Энэ хөрөнгийг Орос улсын нөөцөд оруулсан. Тус улс ямар ч үед энэ нөөцийг ашиглах боломжтой. Байдал тийм хүнд биш хэмээн бид үзэж байгаа. Бид зах зээлийн нөхцөлд ажиллана. Энэ нөөцийг ашиглавал Орос улс хүнд байдалд байна гэж ярих болно. Бид төсвөө тэнцвэржүүлж, зах зээлд байр суурь эзлэх боломжтой. 
Дэлхийн дахинаа энэ жил ажилгүйдэл дээд цэгтээ хүрч байгаа тул хүн амын хөдөлмөр эрхлэлтэд түлхүү анхаарвал санхүүгийн хямарлыг илүү үр нөлөөтэй гэтэлнэ гэдэгт Алексей Кудрин итгэлтэй байна. Үүний зэрэгцээ G-20 зах зээлд ирээдүйд дэлхийг хамарсан хэлбэлзлээс сэргийлэх аюулгүй байдлын дэр буюу бүтцийн шинэчлэл явуулах тухайд эцсийн үгээ хэлсэнгүй.