Орос, Хятад, Энэтхэг, Бразил /БРИК/ улс хоорондоо ярилцаж, картелийн эсрэг тэмцэнэ. Татарстаны нийслэл Казань хотод БРИК-ийн ивээлд болж байгаа өрсөлдөөний олон улсын бага хурлын үеэр ийм шийдвэр гаргажээ. Эрчимтэй, өрсөлдөхүйц бодлогоор дэлхийн хямарлыг амжилттай даван туулна гэдэгт форумд оролцогчид итгэлтэй байна. Янз бүрийн орон, тив дэлхийн үйлдвэрлэгчдийн хооронд чөлөөт худалдаа, шударга өрсөлдөөн байх ёстой. Энэ дэлхийн хямарлыг илүү үр нөлөөтэй даван туулах зайлшгүй нөхцөл бөгөөд дэлхий ертөнц сайн сайхан байдал, өсөлтийн шинэ зурваст орж байгаа хэрэг хэмээн Орос улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов Казанид болсон бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Орос, Хятад, Энэтхэг, Бразил зэрэг эдийн засаг нь хурдан хөгжиж байгаа орнуудын 300-аад төлөөлөгч энэ бага хуралд оролцож байна. БРИК-ийн орнуудын улсын худалдан авалтад хяналт тавих ажлын хамтарсан хэсэг байгуулах, электрон дуудлага худалдааны нийтийн систем байгуулах чухал шийдвэрийг бага хурлаас гаргажээ. Дэлхийн хямарлын үр дагаврыг гэтлэн туулахад чухал төсвийн хөрөнгийг хэмнэж, авилгын эсрэг тэмцлийг ихэсгэнэ. Дэлхийн хүн амын 40 хувийг төлөөлдөг Орос, Хятад, Энэтхэг, Бразил улсын хамтын ажиллагаа нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны мэдэгдэхүйц хүчин зүйл болсон хэмээн шинжээчид тэмдэглэж байна. Тэдний нөлөө дэлхийд өсөн нэмэгдэх нь гарцаагүй. БРИК-ийн орнуудын дотоод зах зээлд бие даасан байгууллагад давуу тал олголгүй ижил тэгш нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэж байгааг Игорь Шувалов тэмдэглэв. Үүний зэрэгцээ хэд хэдэн орон тухайлбал ДХБ-ын тэргүүлэх орон дотоодын зах зээлийг хамгаалах бодлого их хэрэгжүүлж байгаагаас дэлхийн зах зээлд дэлхийг хамарсан өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэж засгийн газрын нэгдүгээр орлогч дарга мэдэгдэв. Тэгш эрхийг хангаж, шударга хандахыг тэрээр уриалав. Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсын эдийн засгийг хамгийн ирээдүйтэй хэмээн үнэлсэн америкийн хөрөнгө оруулалтын томоохон банкны шинжээчид 2001 онд эдгээр улсыг БРИК хэмээн товчлох болсон юм. Энэ дөрвөн орон өөр өөрсдийнхөөрөө хүчирхэг бөгөөд түншлэх сонирхолтой байна. Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг Олон улсын харилцааны дээд сургуулийн шинжээч Андрей Володин үүнийг тайлбарлаж байна.Эдийн засаг нь америкийнхаас хамааралтай байгаад Хятад улс сэтгэл дундуур байгаа. Тиймээс энэ хамаарлаас ангижирах арга зам эрэлхийлж байна. Тэгэхлээр Орос, Энэтхэг улс энд нэлээд дорвитой үүрэг гүйцэтгэдэг. БНХАУ-аас илүү эдийн засгийн хямарлын үр дагавр хүнд тусч байгаа Энэтхэг улс нэг талаас баруун Европ, Америктэй, нөгөө талаас Орос, Хятад, Бразил улстай харилцаагаа тэнцвэржүүлэх талаар бодож эхэлж байна. Бразилийн тухайд Орос, Энэтхэг, хятад улстай илүү нягт нэгдэл байгуулах бодолтой байна. БРИК дөрвөн хэт том гүрнүүдийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд дорвитой үүрэг гүйцэтгэнэ.
Орос улс БРИК-ийн орнуудтай рублээр төлбөр тооцоо хийх бүрэн боломжтой гэж шинжээчид үзэж байна. Доллар, еврогийн ханш эрс хэлбэлзэж байгаа тул энэ санаа нэн чухал юм. Дэлхийн санхүүгийн хямарлыг даван туулах нөхцөлд БРИК-ийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ тус болно. Орос, Хятад улс өнгөрсөн оны 10-р сараас рубль, юаниар худалдаа хийх нь зохистой талаар тохиролцсон юм. Олон улсын шинжээчдийн таамгаар БРИК-ийн орнууд 2050 онд эдийн засгийн хүчин чадлаараа АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канад зэрэг санхүүгийн хүчирхэг долоо орныг гүйцэнэ.