Орос, Польш улс “байр сууриа бие биедээ тулгалгүй өнгөрсөн үеийн бэрхшээлтэй асуудлыг ард үлдээж, урагш тэмүүлэх ёстой”. Орос улсын ерөнхий сайд В.Путин Польшийн ерөнхий сайд Дональд Тусктай яриа хэлэлцээ хийсний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Дэлхийн хоёрдугаар дайны үед “орос, польшууд нийтийн дайсан нацизмын эсрэг хамтдаа тэмцэж байсныг” тэр санууллаа. Орос улсад польшуудыг энэ тэмцэлд зэвсэг барин дайтсан ахан дүүгийн хувиар хүлээж авдаг болохыг В.Путин тэмдэглэв. Хоёр орны харилцааны түүхэнд анхааралтай судлах ёстой асуудлууд байгааг тэр хүлээн зөвшөөрөв. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн шалтгааныг ирээдүйд энэ эмгэнэл давтагдуулахгүйн тулд сайтар задлан шинжлэх хэрэгтэй. “Бид өнгөрсөн үеийн эмгэнэлт үйл явдлын талаар нийтийн үнэн мөнд хүрч, ирээдүйгээ сайн сайхнаар цогцлуулах шаардлагатай” гэж Дональд Туск юуны түрүүнд тэмдэглэв. Орос, Польш улсын оролцоотой өнөөдөр гурван баримт бичигт гарын үсэг зурлаа. Хоёр орны Гадаад хэргийн яам Калининградын тохойд хөлөг онгоцоор зорчих гэрээнд гарын үсэг зурав. Мөн Орос улсын Росатом компани, Польшийн эдийн засгийн яам Польшийн судалгааны реактороос цөмийн цацрагт түлшийг Орос улсад зөөвөрлөх тухай гэрээ байгуулжээ. Хоёр орны соёлын яам 2009-2012 онд хамтран ажиллах тухай протоколд мөн гарын үсэг зурав. Яриа хэлэлцээ эхлэхийн өмнө Туск болон Путин нар салхилаж, орчуулагчгүй нүүр тулан оросоор ярилцжээ.