Японд ням гаригт болсон бүх нийтийн сонгуульд итгэлтэй ялалт байгуулсан тус улсын Ардчилсан намын удирдлага Юкио Хатоямо тэргүүтэй эвслийн шинэ засгийн газар байгуулах тухай зөвлөлдөж эхэллээ. Нам дотроо хэлэлцэж, Засгийн газрын тэргүүлэх албан тушаалд нэр дэвшигчдийг тодорхойлж байна. Социал демократ нам, Шинэ ардын нам эвслийн түнш болох боломжтой. Ням гаригт болсон сонгуульд Юкио Хатоямогийн тэргүүлсэн ардчилсан нам парламентын доод танхимын 480 суудлаас 308 суудалд төлөөлөлтэй болжээ. Дайны дараах Японы түүхэнд сөрөг хүчин ганц ч удаа үнэмлэхүй олонх болж байгаагүй юм. Мөн тус улсын ганц ч нам парламентын доод танхимд 300-аас илүү суудал авч байгаагүй ажээ.