“Оросын дуу хоолой” радио 80 жилийнхээ ойгоор гадаадын орнуудад нэвтрүүлэг цацаж эхэлсэн түүхэнд тод мөр үлдээсэн сонирхолтой хүмүүсийн талаарх нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Радиогийн зарим редактор, орчуулагч, сэтгүүлчийн хувьд “Оросын дуу хоолой” хоёр дахь гэр нь болсон бол заримынх нь хувьд уран зохиол, урлаг, их улс төрд хөл тавихад түшиг болж байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн сургууль төгссөн нэрд гарсан хүмүүсийн нэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд асан, Ерөнхий сайд асан Евгений Примаков энэ жил мөн “Оросын дуу хоолой” радиотой адил 80 настайгаа золгож байна. Евгений Примаков гэж хэн бэ? Энэ асуултанд хариулахад амархан, мөн төвөгтэй юм. Зарим хүмүүсийн хувьд Е.Примков томоохон эрдэмтэн дорно дахины судлаач, заримынх нь хувьд Орос улсын гадаад тагнуулын газрыг хэдэн жил толгойлсон тул маш “хаалттай хүн” юм. Мөн зарим хүмүүсийн хувьд Гадаад хэргийн сайд асан. Евгений Примаков 1998 онд өрөнд баригдсан улс орноо хямарлаас гаргасан гэж олон хүн үздэг. Голыг нь олоод хэлчихдэг сэтгүүлчид “бүх оросын өргөөг усанд бүрэн живэхээс” аврахын тулд тэр үед түүнийг ерөнхий сайдраар томилсон гэжээ. Өнөөдөр Евгений Примаков Орос улсын худалдаа-аж үйлдвэрийн тэнхимийн ерөнхийлөгч, томоохон улс төрч бөгөөд түүний байр суурийг тэр дундаа Ойрх Дорнодын байдалтай холбоотой асуудлаарх санаа бодлыг ямагт онсодог билээ. Улс төрч ажлын гараагаа сэтгүүл зүй, гадаадад нэвтрүүлэг дамжуулдаг радиогийн араб хэлний редакцаас эхэлснийг мэдэх хүн ховор. Евгений Примаков тохиолдлоор гадаадад нэвтрүүлэг дамжуулдаг радиод ажилд орсон хэрэг биш ээ. Москвагийн Дорно дахины судлалын их сургуулийн төгсөгч, араб судлаачид нэг бол эрдэм шинжилгээний мөр хөөх, үгүй бол сэтгүүл зүйд хүчээ сорих хоёр зам байжээ. Тэрээр сэтгүүл зүйн салбарт ажиллахаар шийдэж, бодож төдөлгүй шууд радиог зорьсон байна. Яагаад тэр вэ? “Тухайн үед сонин, сэтгүүлийн газрын олон улсын хэлтэс төдий л том биш байсан. Харин 1950-аад оны дунд үед радиогийн араб хэлний редакцид 70 орчим дээд ангиллын мэргэжилтнүүд ажиллаж байсан” гэж Евгений Примаков ярьж байна. Би 1956 онд араб хэлний редакцид ажилд орсон. Тэр үед гадаадад нэвтрүүлэг цацдаг радио радиогийн өнөөгийн үйл ажиллагаа чиглэж байгаа улс орны дүр төрхийг бус ЗХУ-ын гадаад бодлогыг харуулах маш чухал хэрэгсэл байсан. Тэр үед бид улс орныхоо бодлогыг олон улсын хурцадмал байдалд сурталчилж, империалист арга барилаар хийж байгаа буруу үйлдлийг “а-я” хүртэл бүгдийг илчилдэг байлаа. Манай ажлын мөн чанар ийм байсан. Араб хэлний редакц бараг 24 цаг нэвтрүүлэг цацдаг байсан. Биднийг сонсдог болохын тулд өдөржин, шөнөжин ажиллаж, редакцдаа сонин дэрлээд хонодог байсныг санаж байна.  Тэр үед “Москвагийн радио” арабын орнуудад их нэр хүндтэй байсан гэж Евгений Примаков ярьж байна. Сонсогчдоос олон захидал ирдэг. Социологийн боломжтой бүх судалгаагаар радио арабын ертөнцөд эхний гурван байрт орж байсан. Тэр үед, одоо ч гадаадад нэвтрүүлэг цацдаг радиог янз бүрийн хүн сонсдог байв. Тухайлбал арабын орнуудад тэр дундаа бедуин зэрэг энгийн оршин суугчдад “Москвагийн радиогийн” “Арабын дуу хоолой” радио, мөн “Монте Карло” радио мэдээллийн цорын ганц эх сурвалж байсан. Бараг бедуин хүн бүр радио хүлээн авагчтай явдаг байсан. Тэмээ, бедуин, радио хүлээн авагч энэ бол өнгөрсөн зууны арабын ертөнцийн ердийн дүр зураг юм. Одоо их зүйл өөрчлөгдсөн. Олон хүн интернет, мэдээж хэрэг телевизтэй байна. Зөвхөн тэмээ үлдсэн ч, тоо толгой нь автомашины тоотой хэрхэн дүйцэх билээ.  Зөвхөн арабын ертөнц өөрчлөгдсөн юм биш ээ. “Оросын дуу хоолой” радиогийн зорилт, зорилго нэлээд өөрчлөгджээ. Ингэхээс ч өөр аргагүй гэж Евгений Примаков ярьж байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг өнөөгийн радиогийн тухайд бидний ажиллаж байсан үеийнх шиг илчлэх зорилт алга. Өнөөдөр радио Орос улс хэрхэн ажиллаж, амьдарч байгааг түлхүү харуулах ёстой. Сонсогчдын бүлэг бүрт өөр өөр арга барилаар хандаж, янз бүрийн онцлогтой болохыг мөн харгалзах ёстой. 
Евгений Примаков гадаадад нэвтрүүлэг цацдаг радиод 6 жил орчим ажиллажээ. Энэ төдий л их хугацаа биш ч, энэ радиог сэтгүүл зүйд хөл тавьсан төрөлх сургуулиа хэмээн тэр үздэг.  “Оросын дуу хоолой” радио 80 жилийнхээ ойгоор орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиогийн олон улсын наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна. Гадаадад орос хэлээр нэвтрүүлэг цацдаг бүх радиог 11-р сард болох энэ наадамд урьж байгаа юм.