Орос улсад 8-р сарын 22-нд төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг. Өдгөө засгийн газрын байр болох Москва хотын цагаан ордонд 1991 оны яг энэ өдөр Орос улсын шинэ түүхэнд анх удаа цагаан-цэнхэр-улаан гурван өнгөтэй далбааг мандуулсан юм. Энэ төрийн өмнөх бэлэг тэмдэг алх, хадуур бүхий улаан өнгөтэй далбаа солих бэлэг тэмдгийн алхам болсон юм. Ерөнхийлөгчийн зарлигаар 1994 оноос 8-р сарын 22-ны өдөр Орос улсын албан ёсны баярын өдөр болжээ. Өдгөө энэ улс орны чухал баярын нэг болсон. Цагаан-цэнхэр-улаан өнгөтэй тугийн түүх их сонирхолтой. Үүний түүх бараг дөрвөн зуун жилийн тэртээгээс эхэлдэг. Энэ туг бүр 17-р зууны тэртээгээс Оросын “Бүргэд” цэргийн анхны хөлгийн таних тэмдэг болсон юм. Оросын төр засгийг бэхжүүлж, дэлхий дахинаа Оросын нэр хүндийг дээшлүүлсэн Нэгдүгээр Петр хаан 1705 онд дотоодын хөлөг онгоцонд энэ далбааг зайлшгүй хийсгэх зарлиг гаргажээ. Хоёр толгойтой бүргэдийг дүрсэлсэн “москвагийн хааны туг” хэмээн нэрлэж байгаа энэ далбааны суурь нь цагаан-цэнхэр-улаан судалтай туг байдаг гэж ОХУ-ын сүлд тэмдэг судлах түүхийн салбар ухааны албаны дарга Георгий Вилинбахов ярьж байна. Тугийн өнгийг батлахад мэдээж хэрэг ямар нэг тусгай утга санаа агуулаагүй. Бусад улсаас ялгарах далбааг сонгосон хэрэг. Хөлөг далайд гарахад далбааны өнгө ямар утгатай болохыг хэн ч тайлбарлах гэж оролддоггүй. Далбаагаар нөхөрсөг эсвэл дайсагнагч улсын хөлөг болохыг тодорхойлно. 1917 оны хувьсгалын дараа гурван өнгөтэй тугийн оронд алх, хадуур бүхий улаан өнгөтэй туг хийсгэх болсон. Энэ туг 70 гаруй жил ЗХУ-ын албан ёсны бэлэг тэмдэг байлаа. Орос улсын анхны ерөнхийлөгч Борис Ельцины эрин эхэлсэн хэмээн түүхэнд бичигддэг 1991 оны 8-р сар хүртэл алх, хадуур бүхий улаан тугийг мандуулж байсан юм. Үеэ өнгөрөөсөн зөвлөлтийн үеийн төлөөлөгч, мөн хөгжлийн ардчиллын замыг баримтлагчдын хооронд иргэний сөргөлдөөн болох үеэр тухайн үед парламент байрлаж байсан хууль ёсны бэлэг тэмдэг Цагаан ордонд гурван өнгөтэй далбааг мандуулжээ. Тэр үеэс ижил хэмжээтэй, хэвтээ цагаан, цэнхэр, улаан судал бүхий туг нь ОХУ-ын албан ёсны Үндэсний туг болсон юм. Оросын ард түмэн төр засгийн энэ бэлэг тэмдэгт ёс төдий хандахаа хэдийн больжээ. Эх оронч үзэл илэрсэн үйл явдал тухайлбал төрийн баяр, ардчиллын талыг баримтлагчдын цуглаан, эсвэл олон улсын хөл бөмбөгийн тэмцээний үеэр энэ тугийг хийсгэдэг. Орос улсын далбааны өдрийг тохиолдуулан өнөөдөр концерт, олон нийтийг хамарсан, бусад арга хэмжээ болж байна. Энэ арга хэмжээнд оролцогчид улс орноороо бахархах, эх оронч үзэл, бүх үндэстний зорилтод хүрэхийн төлөө хөдөлмөрлөхөд бэлэн хэмээн ярьж байна. Орос орон даяар Алс Дорнодоос Балтын тэнгисийн зүүн баруун хэсгийн хил хүртлэх нутагт залуучууд цагаан-цэнхэр-улаан тууз, туг зэргийг гудамжинд тарааж байна. Хотын тээвэр, хувийн авто машинууд тууз, далбаагаар гоёжээ. Энэ орос улсын хүч, нэгдлийн илрэл билээ. Саяхан олон нийтийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд төрийн туг далбаа нь үндэсний эв нэгдэл, бахархал, улс орны амжилтанд итгэх итгэл зэрэг хүчтэй сэтгэгдэл төрүүлж байна гэж оросын хүн амын талаас илүү хувь нь хариулжээ.