Сөүлд хоёр жилд анх удаа солонгос хоорондын яриа хэлэлцээ болов. Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хороонд солонгос хоорондын харилцааны асуудлыг зуучилж байгаа Ким Ян Гон болон Өмнөд Солонгосын Улс үндэстнээ нэгтгэх яамны сайд Хён Ин Тхэк нар бямба гаригт яриа хэлэлцээ хийв. 2007 оны 11-р сараас хойш ийм түвшинд анх удаа яриа хэлэлцээ боллоо. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ким Дэ Жүнийн оршуулгад оролцохоор Сөүлд ирсэн БНАСАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ким Ян Гон багтжээ. Төлөөлөгчид бямба гаригт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бактай уулзах хүсэлт гаргасан байна. БНАСАУ-ын дээгүүр тушаалын төлөөлөгчдийн ийнхүү айлчилснаар Пхеньян энэ хавар пуужингийн болон цөмийн туршилт хийсний дараа хурцадсан хоёр солонгосын харилцааг хэвийн болгоход тус болно гэж Өмнөд Солонгос найдаж байна. Нобелийн энх тайвны шагналтан Ким Дэ Жүн хүнд өвчний улмаас Сөүлийн нэгэн эмнэлэгт мягмар гаригт нас нөгчсөн юм.