“Оросын дуу хоолой” радио компанийн 80 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлгээ эхэлж байна. Гадаадын орнуудад нэвтрүүлэг дамжуулдаг эх ундарга дээр ажиллаж, энэ алс орны соёл, уламжлал, түүхийг гадаадын сонсогчдод ойлгомжтой, ойр дөт болгохыг эрмэлзэж явсан, мөн утас, захидлын дагуу өдөр бүр радиогоор шууд нэвтрүүлэг хөтөлж байсан тэр хүмүүсийн тухай тэмдэглэл байна. Энд одууд ажилладаг! Ажил нэгт сэтгүүлчдээс “Оросын дуу хоолой” радиогийн тухай ийм үг олонтаа сонсоно. Үнэндээ үүнийг дэндүүлсэн хэрэг биш юм. Москвагаас олон улсын нэвтрүүлэг дамжуулж эхэлсэн тэр мөчөөс эхлэн 80 жилийн турш энд радио, телевизийн олон од, зохиолч, улс төрч ур чадварын цагаан толгойг нүдэлсэн билээ. Тэдний нэг Францад олон жил тусгай сурвалжлагчаар ажилласан, олон улсын телевизийн нэрд гарсан сэтгүүлч Георгий Зубков сэтгүүл зүйн гарааг гадаадад нэвтрүүлэг дамжуулдаг энэ радиогоос эхэлсэн юм. Би сэтгүүлч болно гэж зүүдэлж ч байгаагүй гэж Георгий Зубков өнөөдөр ярьж байна. Олон улсын харилцааны их сургуулийг 1949 онд төгсөөд тайз, театрт очихыг мөрөөдөж байлаа. Театрын боловсрол эзэмшээгүй тул тэнд очиж зүрхлээгүй. Үүний оронд радиод очсон. Яагаад тэр вэ? Тэр үед хүмүүс радио жүжиг их сонсдог байлаа. Идэр залуу Георгий Зубков радиогийн микрофон муугүй тайз, харин сайн жүжиг дамжуулдаг радио хороо бол урлагийн сүм буюу театр хэмээн үзжээ. Георгий Зубков анхны сурвалжлага хийсэн даруйдаа л шинэ мэргэжилдээ дурласан юм. Түүнийг бүтээлч, зорилготой хамт олон хүрээлж байлаа. Дайны жилүүдэд радиод ажиллаж байсан хүн тэдэн дунд олон байсан. Георгий Зубков ярихдаа: Дэлхийн хоёрдугаар дайны үед гадаад хэлээр нэвтрүлэг явуулдаг манай радио онцгой үүрэг гүйцэтгэж байсан. Москвагаас дамжуулж байсан нэвтрүүлгийг газар дор, өрнөдийн эсэргүүцлийн хэд хэдэн хөдөлгөөнийхөн амиараа дэнчин тавьж сонсож байв. Энэ нь Фронтын байдлын талаар хамгийн бодитой мэдээ дамжуулж байсан цорын ганц эх сурвалж байсан юм. Москва дахь радиод тэр үед хэн ажиллаж байсныг дурсан санацгаая. Долорес Ибаррури түүнийг “гал дөл” хэмээн зүгээр ч нэг нэрлээгүй билээ. Тэрээр энэ нууц нэрээр тайлбар хийдэг байв. Пальмиро Тольяти. Түүнийг олон хүн мэдэхгүй байж болох ч, тэр 1940-1944 онд ЗХУ-д оршин сууж байжээ. Тэрээр гадаадад нэвтрүүлэг явуулдаг радиод байнга ажиллаж байлаа. Морис Торез байна. Тэр үед тэдний тайлбар, нутаг нэгтнүүддээ хандсан мэдэгдэл зэрэг нь ямар их чухал байсныг та бүхэн ойлгож байна уу?
Ямар ч уран бүтээлч хамт олонд ялангуяа зөвлөлтийн үед мундахгүй их бэрхшээл тулгардаг байв. Радио компанийн сэтгүүлчдийн эфирт бэлтгэсэн материалд “Нууц” гэсэн гарын үсэг зурдаг байлаа. Юуг нууцалдаг байв? ЗХУ-ын амьдарлын талаар ярих, тэр тухай гадаадын сонсогчиддоо дамжуулах боломжгүй байжээ. Тиймээс гадаадад нэвтрүүлэг явуулдаг радиод ажилладаг хүн зарим нэг зориг гаргадаг байв. Мэдээж хэрэг хэн ч зөвлөлтийн системийг шүүмжилж, улс орны гадаад бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй байсан үе. Тэр хүн ямар нэг материалыг өөрийнхөөрөө эргүүлж, тэр үеийн зөвлөлтийн хэвлэлд байхгүйгээр ер бусын байдлаар дамжуулж чаддаг байсан. Энэ туршлага, энэ школ ямар ч эргэлзээгүй гадаадад нэвтрүүлэг явуулдаг радиод ажиллаж байсан хүнд их ач тусаа өгсөн. Анхнаасаа энэ радиогийн сэтгүүлчдийн толгойг бус гарыг уясан байсан гэж Георгий Зубков хэллээ. Цонхыг бүхэлд нь дэлгээгүй юм гэхэд салхивчийг нээж байсан. “Оросын дуу хоолой” радиогийн сэтгүүлч, нэвтрүүлэгчид өөр мэдээлэл бүхий хүмүүстэй ярьж байсан шүү дээ. Хөгжилтэй үе их тохионо хэмээн Георгий Зубков ярив: Тухайлбал олон жил нэвтрүүлгээ дамжуулж байсан улс оронд нэвтрүүлгээ бэлтгэхдээ бодож тунгаан, туурвиж байсан. Харин хожим энэ улсуудад манай нэвтрүүлгийг хүлээж авах долгион бүхий радио хүлээн авагч байхгүй болхыг мэдсэн юм. Надад бас инээдэмтэй үйл явдал тохиож байсан. Одоо дэлгэрэнгүй сайн санахгүй байна. “Динамо”-“Спартак” хөл бөмбөгийн багийн тэмцээний шуугианы оронд “Динамо”-“ЦСКА” багийн тэмцээний шуугианыг тавиад донгодуулсан. Дэлхий дахиныг хуурлаа хэмээн намайг зэмлэсэн хэрэг.
Өнөөдөр хүний ухааныг интернет гэгч электрон хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмдэж байна. Гэхдээ радио, тэр дундаа 80 жилийн түүхтэй “Оросын дуу хоолой” радио урьдын адил хэрэгтэй байна. Энэ радио өөр орон, тэр улсын уламжлал ёс жаяг, соёл, эдийн засгийг танин мэдэхэд тус болж байна. “Оросын дуу хоолой” радио 80 жилийнхээ ойгоор 11-р сард орос хэлээр нэвтрүүлгээ дамжуулдаг радио станцын олон улсын наадмыг анх удаа зохион байгуулна. Энэ наадамд гадаадад орос хэлээр нэвтрүүлгээ цацдаг радио оролцоно.