Монгол улсад 70 жилийн тэртээ болсон үйл явдлыг түүхчид зарлаагүй дайн гэж нэрлэдэг. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн оросын төлөөлөгчид 8-р сарын 23-нд Халх голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэхээр Монгол Улсад очино. Манай сурвалжлагч Ольга Иванова тус нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч, чөлөөнд гарсан хурандаа В.Бабушкинтай уулзсан юм.
Ямар бүрэлдэхүүнтэй төлөөлөгч Монгол улсад очих вэ?
Монгол Улсад 15 хүн очиж байгаа. Мэдээж юуны түрүүнд Халх голын тулалдаанд оролцсон ахмад дайчдыг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулахыг бодсон. Одоогоор энэ тулалдаанд оролцсон 11 хүн сэрүүн тунгалаг байна. БНМАУ-ын Байлдааны гавьяаны одонгоор шагнуулсан, чөлөөнд гарсан хурандаа 89 настай Николай Богданов, Юрий Завидонов, 96 насай Владимир Смирнов нар Монголд очино. Ленины одонгоор нэхэн шагнасан Халх голын тулалдаанд амь үрэгдсэн цэрэг эрсийн үр хүүхэд Монголд болох ёслолын ажиллагаанд мөн оролцоно. Уран бүтээлээрээ хөрш оронтой нягт холбоотой, Орос, Монгол улсын зураачдын холбооны гишүүн Жаид Жемаль Улаанбаатар хотод очино. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн, ЗХУ-ын сансрын нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол Улсын баатар, нисэх хүчний чөлөөнд гарсан хошууч-генерал Виктор Горбатко тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын сансрын нисэгч, генерал, Найрамдалын нийгэмлэгийн холбооны ерөнхийлөгч Ж.Гүррагчаагийн урилгаар МИАТ компанийн онгоцоор Улаанбаатар очино. Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яам, консулын газар дайнд амь үрэгдсэн цэрэг эрсийн үр хүүхдэд үнэ төлбөргүй виз гаргаж өгсөнд бид их талархаж байна. Харин МИАТ нисэх компани 3 ахмад дайчин нийт 5 хүнд бизнес ангиллын хямдралтай тасалбар олгосон. Тэд энэ ангилалд энгийн ангиллаас хямд үнээр ниснэ. 
Владимир, та зочдын хөтөлбөрийн тухай ярихгүй юу?
8-р сарын 25-нд үндсэн арга хэмжээ болно. Төлөөлөгчид энэ өдөр Г.К.Жуков болон Монголын цэргийн музейд очино. Дараа нь Халх голын 70 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцох юм. Үүний дараа дайнд оролцсон хүмүүст төр засгийн шагнал гардуулна. Дараагийн өдөр Улаанбаатарын цэргийн гарнизоны парад, хөшөөнд цэцэг өргөх, баярын хурал, баярын концерт, үзэсгэлэнгийн нээлт, төр засгийн хүлээн авалт болно. Оросын төлөөлөгчид 8-р сарын 27-29-нд Хэнтий, Дорнод аймгийн төв Чойбалсан хотод очино. Тэнд мөн хөшөө дурсгалд цэцэг өргөж, концерт, үзүүлэх тоглолт болно. Бид 8-р сарын 30-31-нд Халх голд орос, монголын ахмад дайчдын уулзалт зохион байгуулна. Мөн музейд очино. Үүнээс гадна тэнд хилчидтэй уулзаж, бэсрэг наадам сонирхоно. Төлөөлөгчид 9-р сарын 3-нд нутаг буцана. Тэгэхлээр бид их шахуу хөтөлбөртэй явж байгаа.
Н: Та бүхэн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч, Агаарын зэвсэгт хүчний чөлөөнд гарсан хурандаа Владимир Алексеевич Бабушкинтай хийсэн ярилцлагыг хүргэлээ.