Саяно-Шушенскийн усан цахилгаан станцад гарсан ослын дагуу “Хөдөлмөр хамгааллын дүрэм зөрчсөн” зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэлээ. ОХУ-ын Прокурорын газрын дэргэдэх Мөрдөн шалгах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин энэ тухай Риа Новости агентлагт уламжлав. Өнөөдөр өглөө хүчтэй донсолгооны улмаас Саяно-Шушенскийн усан цахилгаан станцын хоёр дахь гидроагрегат, машины тэнхимын зарим хэсэг сүйрчээ. Хүчтэй донсолсон шалтгааныг тодруулж байна. Долоо, ес дэх гидроагрегатууд мөн нэлээд эвдэрсэн байна. Ослын үеэр үрэгдсэн хүмүүсийн талаар янз янзын мэдээ байна. Онц байдлын яамны мэдээлснээр ослын үеэр 7 хүн үрэгдэж, 11 хүн шархадсан, харин Усан цахилгаан станц багтдаг “РусГидро” нээлттэй хувьцаат нийгэмлэг 8 хүн үрэгдэж, 8 хүн шархадаж, 54 хүн сураггүй хэмээн үзэж байна.