АНУ-ын засаг захиргаа одоогийн байдлаар БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс шаардахгүй байна. Пхеньяны эсрэг хориг авах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхэд бусад оронтой үйл ажиллагаагаа уялдуулахаар байгуулсан АНУ-ын яамд хоорондын ажлын хэсгийн удирдагч Филип Голдберг пүрэв гаригт сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. АНУ болон зургаан талын яриа хэлэлцээнд оролцогч бусад улс Умард Солонгосын талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг үргэлжлүүлэн биелүүлэх шаардлагатай гэдэгт санал нэг бөгөөд зургаан талын яриа хэлэлцээнд буцаж орохыг Умард Солонгост санал болгоно гэж тэр хэллээ.