Интерпол оросын багийн 15 хүний бүрэлдэхүүнтэй “Арктик си” хөлөг онгоцыг дээрэмчид олзолсон тухай зарлаж, олон улсын энэ том байгууллагад багтдаг бүх оронд энэ тухай анхаарууллаа гэж Их Британийн эргийн хамгаалалтаас уламжлав. Европын хойд хэсгийн усанд сүүлийн 60 жилд анх удаа ийм хэрэг гарлаа. Финляндаас мод ачсан хөлөг онгоц Алжирийн зүг явж байжээ. Бүлэг дээрэмчид 7-р сарын 24-нд Балтын тэнгисийн Шведийн эргийн ойролцоо хөлөг онгоцыг олзолсон байна. Багийн гурван гишүүн шархаджээ. “Арктик си” хөлөг онгоц Ла-Маншийн хоолойг дайрч, Португалийн эргийг чиглээд мөр нь алдарчээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Батлан хамгаалахын сайдад хөлгийг илрүүлж, багийн гишүүдийг суллах үүрэг өгсөн байна. Оросын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд энэ үүргийн дагуу Атлантикт ирсэн байна.