Тайванийн засаг захиргааны тэргүүн Лю Жаосюань хэтдээ Хятадын юанийг арлын валютын нөөцөнд багтаах асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна. Тэрээр өрнөдийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэж, Тайбэйн хэвлэл үүнийг иш татан мэдээлжээ. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов тайлбарлахдаа, Ойрын жилүүдэд Тайванийн хоолойн хоёр эргийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх үүднээс арлын валютын сагсанд юанийг оруулах санаа сэдсэн гэж засгийн газрын тэргүүн ярьж байна. Тайбэй хоёр талын худалдааг либералчлах хүрээний хэлэлцээрийг БНХАУ-тай нэн даруй байгуулах сонирхолтой байгааг Лю Жаосюань мөн баталлаа. Одоо Тайванийн валютын сагсанд америк доллар, япон иен, швейцари франк давамгайлж байна. Тайванийн валютын сагсын бүтцийг өөрчилж магадгүй тухай мэдээг дэлхийн зах зээл сонирхон хүлээн авч байна. Тайванийн валютын нөөц 7-р сарын төгсгөлд 321 тэрбум доллароос давж, энэ үзүүлэлтээр эх газрын Хятад, Япон, Орос улсын дараа дэлхийд дөрөвдүгээр байрт орж байна. Ма Инзюгийн засаг захиргаа өнгөрсөн жил Тайванийн засгийн эрхэнд гарснаас хойш эх газрын Хятад, тус арлын эдийн засгийн интеграцчлах бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа, БНХАУ-ын үндэсний валютын нэр хүнд өсч байгаа зэргээс үүдэн Тайванийн удирдлага юанийг ийнхүү сонирхож байна гэж шинжээчид ярьж байна. Бээжин санхүү-валютын дунд хугацааны бодлогоо авч үзэж, үндэсний валют юанийг дэлхийн худалдаанд эрчимтэй нэвтрүүлэхээр шийдсэн тухай өрнөдийн санхүүгийн шинжээчид урьд мэдэгдсэн билээ. “Юанийг олон улсынх болгож, дэлхийн худалдааны валютын нэг болгон хувиргах тухай ярьж байна” гэж “хорийн бүлгийн”төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Дэлхийн худалдаанд жил тутам 2 триллион юанийн гэрээ хэлэлцээ хийж эхлэхэд Хятад улс 2012 онд ийм түвшинд хүрнэ гэж таамаглаж байна. Хятадын юань эхний ээлжинд азийн бүс нутагт төлбөр тооцоо хийдэг валют болох боломжтой гэж Самсунгийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Пак Бон Сун цагтаа хэлж байсан юм. Дэлхийд нэлээд хурдтай хөгжиж байгаа эдийн засагтай Хятад улстай азийн орнуудын хийж байгаа бараа эргэлт асар их хэмжээтэй байгаа нь үүнд нөлөөлж байна гэж тэр хэлсэн. Хятадын эдийн засаг өргөжихийн хэрээр юань доллар, еврогийн адилаар олон улсын үндсэн валютын түвшинд хүрч болно гэж олон шинжээч үзэж байна. Мэдээж үүнд хүрэхэд амаргүй зам туулах нь ойлгомжтой. Эхлээд хятадын юанийг бүс нутагт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Санхүүгийн шинжээч Игаль Штерн энэ тухай ийнхүү ярьж байна. Хятад, Орос, Энэтхэг, Бразил улс бие биенийхээ хүчин чадлыг үнэлж, эдийн засгийн эвсэл байгуулсан гэж Игаль Штерн ярилаа. Азийн орнууд хөрш орны хүчин чадлыг хүлээн зөвшөөрч эхэлж байгаа бөгөөд Хятад улстай хийж байгаа бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, АНУ-ын экспортын хамаарлыг бууруулахыг эрмэлзэж байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.