Хятад улс юанийг ойрын 3-5 жилд дэлхий худалдааны гол валютын нэг болгох зорилт бүхий санхүү-валютын стратегиа баталлаа. Хорийн бүлгийн удирдах байгууллага энэ тухай мэдэгдэв. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов дэлгэрэнгүйг хүргэнэ.  Хорийн бүлэг нь Европын Холбоо, Орос улс зэрэг томоохон эдийн засагтай 19 орны төв банкны тэргүүн, сангийн сайд нарын олон улсын зөвлөлгөөн юм. Санхүүгийн “хорийн бүлэг” Хятадын валютын стратегид анхаарал хандуулсан нь бүрэн тодорхой. Учир нь Хятад улс дэлхийн эдийн засгийг хямарлаас гаргах чадалтай толгой галт тэргийн нэг билээ. Дэлхийн хямарал хятадын эдийн засгийн экспортын салбарт нөлөөлсөн ч, дэлхийн санхүү-валютын салбарт Хятадын нөлөө улам өсч байна. Ирсэн мэдээнээс үзэхэд Хятад улс одоогоор Олон улсын валютын сангийн тусгай зээлжих эрхэд тулгуурлан АНУ-ын долларыг орлох дэлхийн нөөцийн валют бий болгох урьдын оролдлогоос бараг татгалзжээ. Хятадын эрх баригчид валютын нөөцөн дахь америк долларыг хорогдуулах үүднээс валютын нөөцөө эрс өөрчлөн шинэчлэх аргагүй болохыг ойлгосон байна. Тиймээс Бээжин дунд хугацааны санхүү-валютын бодлогоо эргэн судалж, үндэсний валют юанийг дэлхийн худалдаанд эрчимтэй нэвтрүүлэхээр шийдсэн тухай “хорийн бүлгийн” эх сурвалж уламжлав. Юанийг олон улсын хэмжээний, дэлхийн худалдааны валютын нэг болгох тухай ярьж байна. Эхний ээлжинд Хятад улс гадаадын орнуудтай байгуулах худалдааны гэрээнд юаниар төлбөр тооцоо хийх зүйл оруулж магадгүй хэмээн санхүүгийн шинжээчид таамаглаж байна. Таамагласнаар 2012 онд дэлхийн худалдаа жил тутам 2 триллион юаниар хэлэлцээ хийдэг тэр хэмжээнд Хятад улс хүрэх гэнэ. Хямарлаас үүдээд юаньд үндэслэсэн азийн бүс нутгийн валютыг нэвтрүүлэх үзэл санааг амьдралд шуурхай хэрэгжүүлж болохыг олон шинжээч үгүйсгэхгүй байна. Ази Номхон далайн бүс нутгийн орнууд доллар, тэр дундаа америкийн эдийн засгаас хамааралтай байдлыг бууруулах үүднээс шинэ валютыг олон улсын худалдаанд нэвтрүүлэх бодолтой байна. Хямарлыг үл харгалзан Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын Хятадтай тогтоосон худалдаа эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, тус бүс нутаг эрчимтэй интеграцчилж байгаа тул дээрх үзэл санаанд утгагүй гэх зүйл алга байна. Москвагийн Олон улсын их сургуулийн менежментийн факультетын олон улсын эдийн засгийн асуудал хариуцсан декан, оросын шинжээч Леонид Григорьев ийм байр суурьтай байна. Удахгүй азийн валют гарах тул бодит байдал ийм л байна гэж Леонид Григорьев ярилаа. Бид одоо доллар, еврогийн ширүүн өрсөлдөөнийг харж байна. Юаньд тулгуурласан азийн валют гарч ирвэл тэс өөр ертөнц бүрэлдэнэ. Санхүүгийн төвүүд Азид түргэн байршиж, Хятад, Япон болон азийн орнуудын хадгаламж асар их хэмжээтэй болсон. Тиймээс боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, санхүү зэрэг салбарт олон туйлт ертөнц цогцлуулах нь бодитой гэж оросын эдийн засагч Леонид Григорьев үзэж байна.
Та бүхэн “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг сонслоо.