НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Пхеньянд айлчилж, америкийн хоёр сэтгүүлчийг сулласныг сайшааж байна. Ардчилсан Солонгос улс олон улсын хамтын нийгэмлэгийн удаа дараагийн уриалгад хүмүүнлэгийн үзэл санааны үүднээс тэднийг суллах шийдвэр гаргасныг тэрээр өндөр үнэлж байна гэж Нью-Йорк дахь төв байранд тараасан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдэлд дурджээ. Билл Клинтон даалгавраа амжилттай биелүүлсэнд Пан Ги Мун мөн баяр хүргэсэн байна. “Энэ боломжийг ашиглаад БНАСАУ болон бусад сонирхогч талын хооронд цөмийн хөтөлбөрийг тойрсон хямарал зэрэг сэтгэл түгшээсэн асуудлыг шийдэх яриа хэлэлцээг сэргээнэ гэж найдаж байгаагаа ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлж байна” гэж баримт бичигт тэмдэглэсэн байна. Саяхан 7-р сарын төгсгөлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр “хүмүүнлэгийн үзэл санааны” үүднээс сэтгүүлчдийг суллах санаачилга гаргаж, энэ асуудлаар Пхеньянтай холбоо тогтоосон ч, тухайн үед агуулгыг задлаагүй юм.