Умард Солонгосын ЦТАК агентлагийн уламжилснаар БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир америкийн хоёр сэтгүүлчид өршөөл үзүүлж, тэднийг суллахыг тушаажээ. Ким Чен Ир болон Билл Клинтон нар Пхеньянд уулзасны дараахан ийм шийдвэр гарсан байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов дэлгэрэнгүйг хүргэнэ.  АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон даалгавраа амжилттай гүйцэтгээд, суллагдсан америкийн хоёр сэтгүүлчийн хамт Пхеньянаас нислээ. Хятад гаралтай америкийн иргэн Лора Лин болон Солонгос гаралтай америкийн иргэн Юна Ли нарыг 3-р сарын 17-нд БНАСАУ-ын хилчид баривчилжээ. БНАСАУ-ын хилийг хууль бусаар зөрчсөн хэргээр тэдэнд 7-р сарын эхээр 12 жил засан хүмүүжүүлэх ажил хийх ял оноосон юм. Билл Клинтоны айлчлалын үеэр сайн санаа өвөрлөсөн Пхеньяны алхам Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах яриа хэлэлцээг сэргээх найдвар төрүүллээ. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Пхеньянд айлчилсан нь БНАСАУ-ын цөмийн асуудлаарх 6 талын яриа хэлэлцээнд дэмжлэг болно гэдэгт Токио найдаж байгаагаа илэрхийлэв. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Такэо Кавамура энэ тухай мэдэгдлээ. Клинтон даалгавраа сайн биелүүлсэн нь америк-хойд Солонгосын яриа хэлэлцээний эхлэлд түлхэц болно гэж Сөүл үзэж байна. Билл Клинтоны айлчлал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулахтай ямар ч холбоогүй билээ. Клинтон Пхеньянд зөвхөн сэтгүүлчдийг суллах асуудлыг хэлэлцэх бөгөөд түүний айлчлал Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг зохицуулахад ямар ч хамаагүй болох талаар БНАСАУ-ын засгийн газар урьдаар тохиролцсон гэж америкийн засаг захиргааны төлөөлөгч мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч асан Ким Чен Иртэй уулзахдаа америкийн иргэд БНАСАУ-ын хилийг зөрчсөнд АНУ-ын өмнөөс уучлал эрсэн гэдгийг Цагаан ордон үгүйсгэж байна. Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ерөнхийлөгч асан энэ асуудлаар уучлал эрсэн тухай урьд бичсэн юм. Үүний зэрэгцээ сэтгүүлчдийг сулласнаар “нааштай хөдөлгөөн гарч болох тухай” Билл Клинтоны Умард Солонгосын удирдагчдад хэлсэн үгийг Вашингтон дахь албаны хүмүүс баталж байна. Зургаан талын яриа хэлэлцээ мухардлаас хурдан гарах тухайд олонх шинжээч болгоомжтой хандаж байна. Яриа хэлэлцээг сэргээхэд багагүй хүч чармайлт гаргах ёстой бөгөөд өчүүхэн хөдөлгөөн яриа хэлэлцээний таатай уур амьсгал бүрдүүлэхэд чиглэж байна. Сонгуулийн кампанит ажлын урьд Барак Обама БНАСАУ болон АНУ-ын хооронд хоёр талын харилцааг хэвийн болгохын төлөө байгаагаа илэрхийлснийг БНАСАУ-ын цөмийн асуудлаарх оросын нэрд гарсан шинжээч Александр Воронцов ярьж байна. Билл Клинтоны ардчилсан засаг захиргаанаас ялангуяа сүүлийн мөчид явуулсан үйл ажиллагааны баримтаас үүдэн үйл явц таатай өрнөх найдвар төрүүлж байна. Тэр үед хоёр талын харилцаа эрчимтэй хөгжиж, Билл Клинтон Пхеньянд айлчлахаар төлөвлөж байсан ч, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч, амжаагүй болохыг эрдэмтэн сануулж байна. Билл Клинтон ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан хойно Пхеньянд ирж, Ким Чен Иртэй тохиролцож чадлаа. Америкийн сэтгүүлчдэд өршөөл үзүүлэхээр шийдсэн нь Пхеньяны сайн санаа өвөрлөж байгааг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна.  Нэгдүгээрт АНУ-тай харилцаагаа хэвийн болгох арга зам хайхад чиглэсэн, хоёрдугаарт Солонгосын хойгийн цөмийн асуудлыг цогцоор шийдэх БНАСАУ-ын байр суурийг энэ бүхэн баталж байна. Пхеньян, Вашингтоны харилцаа хэвийн болох нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулахад чухал алхам хэмээн Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн Солонгос, Монголын хэлтсийн дарга Александр Воронцов ярьж байна.  “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.