Владивостокийн нисэх буудлын шинэ зогсоолыг 2011 оны гуравдугаар улиралд барина гэж Москвагийн “Шереметьево” нисэх буудлын хэвлэлийн албанаас мэдээлэв. Жилд 3,5 сая зорчигч нэвтрүүлэх чадалтай, 50 мянган ам метр талбайтай нисэх онгоцны шинэ буудал нь Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны 2012 онд болох дээд хэмжээний уулзалтад бэлтгэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол төлөвлөгөөний нэг юм. Голландын Эн-Эй-Си-Оу компанийн зураг төслийг нь гаргасан нисэх буудлын барилгын өртөг 148,8 сая доллар аж. Өмнөд Солонгосын Хюндай, тус улсын Инчхон нисэх компани, Японы Сумитомо, Мицуи, Кавасаки, Германы Сименс компани төслийг санхүүжүүлэхэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Владивостокийн олон улсын буудал Артем хотоос 4,5 км зайд, Владивостокоос 38 километрийн зайд оршдог байна. Владивостокийн олон улсын нисэх буудлаас Сөүл, Бээжин, Далянь, Харбин, Осака, Ниигата, Тояму, мөн Өмнөд Солонгос, Хятад, Япон, Вьетнам улсад олон улсын чартер нислэг үйлдэнэ.