0АНУ-ын засаг захиргаа Куба дахь Гуантанамо цэргийн баазад байгаа хоригдлуудыг АНУ-ын нутаг дэвсгэр дахь онц дэглэмтэй засан хүмүүжүүлэх шинэ газар шилжүүлэх боломжийг судалж байна. Америкийн “Вашингтон пост” сонин даваа гаригт засаг захиргааны төлөөлөгчдийн ярьснаас иш татан ийн мэдээлэв. Шинэ шоронд иргэний шүүх, цэргийн шүүхийг зохион байгуулна. Бусад орон хүлээж авахыг зөвшөөрөөгүй, мөн бүх насаар хоригдох ял авсан хоригдлууд тэнд байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 1-р сарын 22-нд Гуантанамо дахь шоронг хаах зарлигт гарын үсэг зурсан юм. 2001 оны 9-р сарын 11-ий алан хядах ажиллагааны дараа терроризмд сэжиглэгдэж байсан этгээдүүдийг хорихоор энэ шоронг байгуулжээ. 2002 оноос Гуантанамод хоригдож байсан 520 хоригдлыг сулласан байна. Одоогоор тэнд 250 хоригдол байгаагаас Пентагон 60 хүнийг суллахад бэлэн ажээ.