Олон улсын хамтын нийгэмлэг хүний эрх зөрчиж байгаа улс оронд цөмрөн орж, хүмүүнлэгийн эрчимтэй ажиллагаа явуулах эсэх асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейд маргаан дэгджээ. Орос зэрэг хэд хэдэн улс энэ ажиллагааны эсрэг байна. Харин энэ үзэл баримтлалыг санаачлагчид Оросын цэрэг өнгөрсөн оны 8-р сард хүмүүнлэгийн зарчмыг удирдлага болгон Гүржид цөмрөн орсныг санууллаа. Орос улсын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Михаил Маргелов Ерөнхий Ассамблейн хурлын үеэр хүний эрхийг хамгаалах үүргийг олон улсын хамтын нийгэмлэг бус тухайн улсын засаг захиргаа хүлээн ёстой гэсэн юм. Онцгой тохиолдолд тухайлбал тайван замаар үр дүнд хүрэх аргагүй, тус улсын засаг захиргаа ард иргэдээ хоморголон устгах, цэргийн гэмт хэрэг, үндэстний цөөнхийг устгах үйлдлээс хамгаалж чадахгүй тохиолдолд олон улсын хүчин хөндлөнгөөс оролцох боломжтой болохыг тэр хэллээ. Хүний эрхийг хамгаалах нэрийдлээр хүмүүнлэгийн эрчимтэй ажиллагаа явуулах үзэл санаанд болгоомжтой хандах хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Славян судлалын хүрээлэнгийн шинжээч Пётр Искандеров ярьж байна. 
Энэ томъёолол их бүрхэг юм. Хүний эрхийг зөрчсөн гэдэгт бүгдийг хамруулж болохыг бид мэднэ. Кавказд өнгөрсөн оны 8-р сард болсон үйл явдалд олон улсын хамтын нийгэмлэг хэрхэн хандасныг харахад хангалттай. Орос улс нэг байр суурьтай байна. Тухайлбал Гүрж Өмнөд Осетийн нутаг дэвсгэрт дайрч, үндэстний цөөнхийг цэвэрлэх ажиллагаа явуулсан. Өрнөдийн улс төрчид энэ дүр зурагт бүр эсрэгээр хандсан. Хүний эрхийг хамгаалах жишиг нь өнөөгийн байдлаар нэлээд улс төржсөн шалгуур юм. АНУ болон түүний холбоотнууд энэ асуудлаар хоёр нүүртэй тактик сонгосонд анхаарал хандуулах шаардлагатай. Ямар нэг шалтгаанаар өрнөдөд таалагдахгүй байгаа тэр дэглэмд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Петр Искандеровт дахин үг хэлэх боломж олгоё. 
АНУ, Их Британи, НАТО тухайн улс орны засаг захиргаа, тэр ч бүүхэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс зөвшөөрөл авалгүй тухайн улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхтэй энэ үед өрнөд үзэл баримтлалаа тулгахыг оролдож байна. Хэрэв энэ шийдвэрийг НҮБ-ын жишгийн баримт бичигт бүртгэж, Ерөнхий Ассамблейн энгийн тогтоол болбол байдал аюултай болно.
Учир нь хүний эрхийг зөрчиж байгаа /хэрэг дээрээ тийм эсэх нь чухал бус/ аливаа улс орны хэрэгт хөндлөнгөөс зэвсэглэн оролцох нь улс орны тусгаар тогтнолыг үл хөндөх зарчимд тулгуурладаг олон улсын эрхийн бүх системд заналхийлнэ. Энэ зарчмыг тэр бүр, ямагт сахин мөрдөхгүй байна. Цаашид энэ систем суларснаар дэлхийн тэргүүлэх гүрний зэвсэгт хүчний оролцоотой бүс нутгийн мөргөлдөөн ихэснэ.