Эрхэм анд нөхөд өө, сайн байцгаана уу, “Оросын дуу хоолой” радиогийн долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг эхэллээ. Уламжлал есоор захидлын тоймоос эхэлье. Орхон аймгийн Эрдэнэт хотын инженер-технологич Магсаржалам манай нэвтрүүлгийг сонирхон сонсдог байна. Манай нэвтрүүлэг олон янз, танин мэдэхүйн ач холбогдолтой болохыг тэр тэмдэглэжээ. Дархан хотын сонсогч Дорж манай нэвтрүүлгийг 60 гаруй жил сонсож байна. “Та бүхэн оросын ард түмний улс төр, нийгмийн амьдралын тухай, шинжлэх ухаан, техник, эдийн засгийн салбарт гарсан ололт амжилтын тухай өгүүлдэг нь сайн хэрэг” хэмээн тэр бичжээ.  Улаанбаатар хотын иргэн Оргодол манай радиог 1962 оноос сонсож байна. Тэрээр манай нэвтрүүлгийг байнга сонсож, монгол нэвтрүүлэгчид сайн ажиллаж байгааг тэмдэглэжээ. Улаанбаатар хотын сонсогч Лувсандорж манай радиог мөн л дээрээс сонсож байна. Тэрээр нэг захидалдаа монгол-оросын хил дээр алба хааж байснаа дотно дурсжээ. “Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийг монголын хилчид их сонирхон сонсдог байсан гэж тэр бичжээ. Манай радио урьд ийм нэртэй байсан. Янз бүрийн салбарт орос-монголын харилцааны тухай материал одоо их сонирхол татаж байгаа тухай Лувсандорж тэмдэглэв.
Өвөрхангай аймгаас Л.Болормаа монгол хэлний редакцийн хамт олонд сайн сайхныг хүссэнд бид их талархаж байна. “Би танай радиогийн байнгын сонсогч. Миний эцэг зөвлөлтийн цэргүүдтэй хамт Халх голын тулаанд оролцож байсан. Аав маань төр засгийн хэд хэдэн шагнал, Жуковын медаль, “Халх голын тулааны 45 жил”, Байлдааны улаан тугийн одон болон бусад медалиар шагнуулсан” гэж Л.Болормаа захидалдаа бичжээ. Удахгүй болох Халх голын тулааны ойг тохиолдуулан бид танай эцэгт чин сэтгэлээсээ баяр хүргэж, түүнд эрүүл энх, баяр хөөр, урт удаан наслахыг ерөөе. Манай радиогийн байнгын сонсогч, тэтгэвэрт суугаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн З.Цэрэнням бидэнд бичсэн захидалдаа, “Бидний амьдрал ажил, хөдөлмөрөөр өрнөж байна. Энэ аз жаргалтай амьдралыг 1939 онд олж авсан билээ. Манай эх орны эрх чөлөө, сайн сайхны төлөө цусаа урсгасан бүх хүн, цэрэг, агуу жанжин нарыг мартаж болохгүй. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, бие биенээ хүндэтгэж, эвтэй байхыг залуу үедээ ерөөе. Эх хүний хувьд залуустаа сайн сайхныг хүсэе.” Залуустаа сайхан үг хэлсэн эрхэм Цэрэнням танд баярлалаа. Таны хөгжмийн захиалгыг дуртаяа биелүүльеэ. “Кавказын олзлогдсон бүсгүй” киноны цагаан баавгайн тухай дууг сонсоно уу. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Халх голын сэдвээ үргэлжлүүлэе. Дархан хотын сонсогч Ц.Дорж Халх голын тулаанд оролцсон зөвлөлтийн нисэгч Петр Егоровын талаар өгүүлэхийг хүсчээ. 1939 оны 8-р сар. Халх голын ойролцоо зөвлөлт, монголын цэргийн анги нэгтгэлүүд япончүүдтай ширүүн тулалдлаа. Японы их бууны анги зөвлөлтийн цэргийн байршилд ноцтой хохирол учруулав. Дайснууд агаарт хөөрдөг аппаратаар гал нээжээ. Фронтынхны нүдний өмнө 400 метрийн өндөрт байсан агаарт хөөрдөг аппаратын хойноос зөвлөлтийн нисэгчид олон хоног хөөцөлдсөн юм. Сөнөөгч нисэх онгоц хөөрөнгүүт япончүүд аппаратаа буулгаж, тусгайлан ухсан том нүхэнд нууж байлаа.  Петр Егоровын сөнөөгч нисэх онгоцныхонд 1939 оны 8-р сарын 18-нд ямар ч хамаагүй арга чаргаар агаарт хөөрдөг аппаратыг устгахыг тушаажээ. Дайснуудыг төөрөгдүүлэхийн тулд Егоров И-16 сөнөөгч нисэх онгоцоор фронтын шугамнаас монголын нутгийн гүнд нам дор нисч, дараа нь ар талаас дайрчээ. Японы зенит хожуу гал нээсэн ч, түүнийг устгасан байна. Агаарт хөөрдөг аппаратыг нуувчинд шуурхай хийж байлаа. Егоров тасралтгүй галаар шүршлээ. Аппарат шатаж, хар утаа агаарт замхарч байв. Нисэх буудалд сөнөөгч нисэх онгоцны нисгэгчид болоод Егоровыг гар дээр дээш шидэж, “Борцы” том картонн хайрцагтай тамхи бэлэглэсэн юм. Тэр оны 8-р сарын адагт японы бүлэглэлийг бут ниргэсэн билээ.  Петр Егоровыг 6 нисэх онгоц, агаарт хөөрдөг аппарат сөнөөсний төлөө Байлдааны улаан одонгоор шагнасан юм. Монгол улсад 1939 онд цэргийн ажиллагаа дууссаны дараа ахлах дэслэгч цолтой Егоров Өвөр байгальд байрласан сөнөөгч нисэх онгоцны 8-р хорооны эскадрилийг командлах болсон. Нэрд гарсан нисэгч 1944 онд ЗХУ-ын Баатар цолд нэр дэвшсэн ч, хагас зуун жилийн дараа алтан од хүртсэн юм. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Дархан хотын сонсогч Ш.Улааны хүсэлтээр Филипп Киркоровын “Хэрцгий хайр дурлал” дууг хүргэе.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Зөвлөлтийн цэрэг японы булаан эзлэгчдийг ялсны 70 жилийн ойд Буриадын бүгд найрамдах улс автомашины уралдаан зохион байгууллаа. Орос, Монгол, Хятадын төлөөлөгчид уралдаанд оролцож байна. Оросын төлөөлөгчид 4, монголчууд 6, хятадууд 10 бичил автобусаар уралдаж байна. Орос улсын зүгээс Алтайн хязгаар, Эрхүү, Тюмень мужийн амь үрэгдсэн зөвлөлтийн цэргийн үр хүүхэд автомашины уралдаанд оролцоно.
Автомашины уралдаан Улаан-Үд хотоос танкны бригадийн оролцоотой томоохон тулалдаан болсон Баян-Цагаан хүртэл үргэлжилнэ. Тэр тулаанд зөвлөлтийн армийн 8 мянган цэрэг амь насаа алдаж, 23 мянган хүн шархадсан юм. 
Уралдааны маршрут 2 мянган км бөгөөд ердөө 250 км зам Орос улсын нутгийг дайрна. Замын үлдсэн хэсэг Монголын нутгаар үргэлжилнэ. Асфальт хучилтгүй 100 гаруй км зам туулах тул уралдааны зам амаргүй юм.  Аялагчид сураггүй болсон цэргийг хайх, ЗХУ-ын баатар 30 хүн, 2 мянган цэрэг, офицер мөнх нойрсож байгаа зөвлөлтийн цэргийн булшийг засч, янзлах юм. Москвагийн архивийн мэдээгээр Баян-Цагаан ууланд зөвлөлтийн армийн 2028 цэрэг сураггүй болжээ.
Автомашины уралдаанд оролцогчид Улаан-Үд хотод ирэх өдөр буюу 8-р сарын 11-нд аялал дуусана. Тэдэнтэй монголын төлөөлөгчид хамт ирэх бөгөөд буухиаг Эрхүү мужид шилжүүлнэ. Тус муж мөн янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах юм.
Буриадад өнөөдөр Халх голын тулаанд оролцсон 19 ахмад дайчин сэрүүн тунгалаг байна. Аялалыг зохион байгуулагчид автомашины уралдааны төгсгөлд бүх ахмад дайчидтай уулзаж, уралдаан хэрхэн болж өнгөрсөн тухай ярих юм. 
Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Улаанбаатар хотын сонсогч Цэвэлмаа Борхүүгийн Амархүү дуучны дуунд дуртай нэгэн. Түүний “Газар тэнгэрийн хооронд” дууг хүргэе.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Буриадын 7 дацангийн унжлага, зүүлтийг оёж, хатгасан Хоринск эмээгийн тухай өгүүлнэ. Норжимаа Балбарова эмээ өнгөрсөн жил Монголд очихдоо, хуримталсан тэтгэврээрээ буддын шашны сүм хийдийн унжлага, зүүлтийг оёход шаардлагатай 100 метр торго худалдан авчээ. Энэ буурал 84 настай билээ. Буддын шашны хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг үнэлжээ. Хамба лам Дамба Аюшеев Норжмаа эмээг хамба лам Гомбын нэрэмжит алтан медалиар шагнасан байна.  Норжмаа эмээ 20 гаруй жилийн турш дацан сэргэж байгаа үйл явцыг сонирхожээ. Ах ламын тухай хүүхэд ахуйн дурсамжаас үүдээд буддын шашны хөгжилд хувь нэмэр оруулахаар шийджээ. Тэрээр 60 насандаа оёдлын машинаар буддын шашны унжлага, чимэглэл хийх нууцад суралцсан юм. Хүүхэд байхад нь сэтгэлд үлдсэн бүхнээ бүтээлдээ шингээжээ.  Дацангийн нээлтэнд их мөргөлийн үеэр тэрээр “бадан-жалсан”, “лаври” чимэглэлийг лам нарт бэлэглэж, их баяр хөөртэй байв. Түүний бүтээлийг талархан хүлээн авлаа. Энэ хугацаанд Норжмаа эмээ Кижигин, Анин, Иволг, Эгитуй дацан, Хориний дугана, Улаан-Үдийн халзан уулын Дээд Березовка дахь дацангийн унжлага, чимэглэлийг мөн оёсон байна. 
Норжмаа эмээ бусад эмэгтэйчүүдийг энэ ажилд татан оролцуулжээ. Тэрээр маш сайн зохион байгуулагч болохоо харууллаа. Хамгийн гол нь Норжмаа эмээ олон хүнийг буддын шашны дэг жаягаар оёж сургажээ. Түүхий том сайхан нүд нь ер бусын дотоод гэрлээр гэрэлтдэг. Дуу цөөтэй, даруухан зантай түүний нөхөр Дамба-Дорж Дандаров хамгаас хайртай, хөдөлгөөнтэй эхнэрийнхээ бүх үйл хэргийг дэмжждэг байна. Буриадад ийм гайхалтай эмэгтэй ажиллаж, амьдарч байна. 
Баян-Уул сумын оршин суугч Д.Ядамрагчаа Тувад буддын шашны хэдэн лам байдаг вэ? лам болоход юу хийх хэрэгтэй вэ? гэж асуужээ.
Өнөөгийн байдлаар Тувад 36 лам байдаг. Хуурак буюу 27 хүн Энэтхэгт, 10 хүн Буриадын Иволгийн дацан, 6 хүн Монголын Гандантэгчлэн хийдэд шавилан сууж байна. Хуурак болох хүсэлтэй хүн Хамба ламын удирдах газар өргөдөл гаргана. Насанд хүрээгүй хүн эцэг эх эсвэл асран хамгаалагчтайгаа ирэх ёстой. Эхлээд хууракууд Кызыл хотын “Цечелингт” урьдчилсан сургалтанд суудаг. Тэд жил гаруй хугацаанд төвд хэлний зөв бичих дүрэм, судар уншиж сурдаг байна. Хэрэв хуурак сургуулийн насных бол Кызылд дунд сургуулиа дүүргэдэг. Үүний дараа хамба ламын зааснаар сургалтанд явуулдаг. Гарын дүйтэй нэгнийг Монгол, Буриадад илгээж, буддын шашны бурханы зураг зурж сургадаг. Заримыг нь энэтхэгийн сүм хийдэд гүн ухаан судлуулахаар илгээдэг байна. Ой тогтоолт сайн нэг нь буддын шашны дэг жаягийг гүйцэтгэхээр судар уншиж сурдаг байна. Хууракууд энгийн оюутнуудын адилаар шалгалт өгч, диплом хамгаалдаг. Хамба ламын тодорхойлолтгүй бол буддын шашны сургуульд элсүүлдэггүй байна. Буддын шашин судлахад насны хязгаар байхгүй. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийн ээлжит дугаараа өндөрлөе. Л.Ендонсамбуу орос ардын дууг нэвтрүүлгээрээ түлхүү дамжуулахыг хүсчээ. “Түргэн урсгалтай голыг би хэрхэн гатлах вэ” нэртэй дууг хүлээн авна уу. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг радиогийн www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.

<сонсох>