Хонх чанга нижигнэнэ. Асар том ногоон талбайг ороосон зам дээр янз бүрийн нутгийн цэвэр үүлдэрийн хурдны морьд ухасхийн гарна. Хуй салхи мэт хурдлан давхиж байгаа морьдыг хөгжөөн дэмжигчид амьсгаа даран ажиглана. Орос улсын нийслэлийн чанх төвд орших Москвагийн морин тойруулгын ийм дүр зурагтай байнга тулгарна. Хүмүүс энэ газрыг сайн мэддэг. Москвагийн оршин суугч хэн боловч морин тойруулгын газар яаж очихыг хэлээд өгнө. “Беговая” метро өртөөнд очиход хангалттай. 
Москвагийн морин тойруулгын газар энэ зун буюу 8-р сарын 1-нд 175 жилийн ойтойгоо золгож байна. Орос улсад энэ ойг тэмдэглэхэд гүн Алексей Орловын нэрийг нэхэн дурсдаг. Түүний ачаар оросын дуртай наадам өвөл мөстсөн гол, зундаа гудамжинд болдог морины уралдаан 18-р зуунд бүх чиглэлийн спортын уралдаан болон хувирсан юм. Оросын армийн нэрд гарсан офицер гүн Орлов цэргийн албанаас хөндийрөөд, удаан хурдан хатирдаг адуу гаргаж авахаар сэтгэл шулууджээ. Орловын хатираа адуу ийнхүү бий болсон бөгөөд үүнийг оросын зохиолчдын бүтээл эсвэл Третьяковскийн галарейн уран зургийн гайхамшигтай бүтээлийн адилаар Орос улсын соелын өв гэж үздэг юм. Ходынскийн газар тусгай талбайд энэ үүлдэрийг гаргаж авчээ. Нэгэн үе энэ газар Москвагийн алс хязгаар байсан бол одоо төв нь болсон байна. Эцэстээ энэ газар морин тойруулга барьжээ. Цаг хугацаа өнгөрч энэ газар нийгмийн чинээлэг давхаргынхан цугладаг нийслэлийн нэрд гарсан газруудын нэг болсон гэж Москвагийн морин тойруулгын газрын дарга Елена Петерсон ярив. Энэ морин тойруулгын газрыг дэлхийн хамгийн гоёмсог хэмээн үзэж байсан. Орос улсад ирсэн гадны бүх зочин заавал ч үгүй энд ирдэг байв. Тэнд эзэн хааны өрөө, амралтын өргөө зэрэг байсан. Үнэхээр морин тойруулгын барилга гоёмсог байдлаараа бүхнийг гайхшруулж байв. Нарийн хийцтэй, чулуун сийлбэр нь хөвөө шиг харагддаг юм. Ялануяа барилгын төв хэсэг Парисын дуурийн ёслолын хаалгыг санагдуулна. Барилгын энэ хэсэгт “эзэн хааны хурдны адууны нийгэмлэгийн жинхэнэ гишүүн ноед” тухалдаг байв. Үүний хажууд эзэн хааны гайхалтай лоож байрладаг. Энгийн үзэгчид элдэв чимэглэлгүй, төдий л тав тухгүй 2,3-р давхарын танхимд суудаг байв. Барилгад 19-р зуунд цахилгаан холбожээ.
Үзэгчид бол морин тойруулгын чимэг. Москвагийн нэрд гарсан сэтгүүлч, түүхч, ахуй амьдралын тухай бичдэг Владимир Гиляровскийн товч ишлэлийг толилуулбал, “Уралдааны өдөр бүсгүйчүүдийн даашинзаар дүүрсэн, 5 давхар барилгыг тод гэрлэн чимэглэл, амьд цэцгийн мандалаар чимжээ. Энэ хээ угалз шиг барилгын дагуу асар том суудал байрлуулсан нь ямар ч барилгатай харьцуулах аргагүй.” 1949 онд түймрийн улмаас архитектурын шилдэг бүтээл сүйдсэн юм. Суурин дээр нь шинийг барьжээ. Хүнд үүрэг ноогдосн ч, оросын нэрд гарсан архитекторч Иван Жолтовский барилгын анхны зохиомжийг хадгалж, шинийг барьсан гэж Елена Петерсон тэмдэглэв. Жолтовскийн архитектурын онцлог нь дээш дүүлэх мэт оройтой. Морины дүрстэй салхины чиглүүртэй. Үүгээр энгийн адуу бус 19-р зууны сайхан адууны нэг Ашонок нэртэй орлов үүлдэрийн азаргын дүрсэлсэн юм.
Жолтовскийн барьсан морин тойруулгын газрыг адууны олон баримлаар чимжээ. Москвагийн морин тойруулгын түүхэнд дээд амжилт тогтоосон хурдан хөлгийн хөргийг ийнхүү буулгасан юм. Нэрд гарсан хүмүүсийн алдар нэр энэ түүхтэй багагүй холбоотой. 20-р зууны эхэн үеийн гарамгай яруу найрагч Владимир Маяковский морин тойруулгын газрын байнгын зочин байлаа. “Бид бүгд бага зэрэг адуу шиг. Хүн бүр өөр өөрсдийнхөөрөө адуутай төстэй” гэсэн түүний мөрүүд байдаг. Москвагийн уран сайхны нэрд гарсан жүжигчид энд олонтаа ирдэг байлаа. Тэд дээд урлагийг хэлэлцэхээр энд ирдэг байсан гэвэл утгагүй. Мөн мэргэжлээсээ бүрэн сатаардаг байсан гэвэл юу л бол. Азаа сорих гэсэн, мөн нэр цуутай хүмүүсийг ажиглаж дүрээ бүтээхээр ажиллаж байсан ч юм уу хэн мэдэх вэ. Жүжигчид мөн мориор уралдаж байжээ. Оросын нэрд гарсан баргил дуучин, Их театрын гоцлол дуучин Иван Козловский уралдаанд оролцож байсныг морин тойруулгад их очдог байсан нас дээр гарсан хүмүүс санаж байна. Хойд туйлыг гатлан ниссэн дэлхийн хоер дахь хүн, баатар нисгэгч Михаил Громов морин спортоор хичээллэж байжээ.
Дэлхийд хаана ч байхгүй зүйлийг өнөөдөр Москвагийн морин тойруулгаас харна. Оросын тэрэг хөллөсөн гурван адууны уралдааныг хэлж болно. Тэргэнд хөллөсөн адуунууд өөр өөр алхаагаар гишгэдэг юм. Хамгийн гол нь Москвагийн морин тойруулгын газар асар том хотын яг төвд орших “өөр ертөнц” билээ. Хотын утааны оронд энд өвсний үнэр, автомашины дуу чимээний оронд энд адуу янцгааж, хатирах чимээ сонсдоно.