Москвагаас ярьж байна. Орос-хятадын хамтарсан сургуулилтын туршлагаас манай зэвсэгт хүчний хамтарсан практик ажиллагаа илүү үр нөлөөтэй болж байгааг харуулж байна. Орос, Хятадын зэвсэгт хүчний “Энхийн даалгавар-2009” терроризмын эсрэг хамтарсан сургалтын төгсгөлд оросын талын удирдагч, Хуурай замын цэргийн ерөнхий командлагчийн орлогч, дэслэгч-генерал Александр Студеникин мэдэгдэв. Хоёр орны хооронд цэргийн жихэнэ нөхөрлөл тогтсон. Бид цэргийн мэргэжилтнүүд тул хэлний ялгааг анзаарахгүй байна гэж оросын генерал хэллээ. Болж өнгөрсөн сургуулилтыг “хэн хау” хэмээн үнэлж болно. Дэслэгч генерал Александр Студеникин үүнийг хятадаар хэлж, өөрөө үүнийг “маш сайн” гэж оросоор хэлсэн юм.  Сургуулилтад хоёр талаас 3 мянга орчим цэргийн албан хаагч, 300 гаруй нэгж газар дээрх техник, 40 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг оролцсон юм. “Энхийн даалгавар-2009” сургуулилт 3 үе шаттай болж өнгөрлөө. Сургуулилтын эхний үе шат болох хоёр орны Жанжин штабын дарга нарын цэрэг-улс төрийн зөвлөлгөөн Оросын нутаг дэвсгэрт Хабаровск хотод болсон юм. Сургуулилтын хоёр дахь шатанд терроризмын эсрэг ажиллагааг төлөвлөж, цэргийн хамтын ажиллагааны асуудлыг боловсруулсан юм. Сургуулилтын гурав дахь шатанд Хятадын зүүн хойд хэсгийн Байчэн хотын ойролцоо Таонань цэргийн талбайд цэргийн практик ажиллагаа болсон юм. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын гишүүн бүх орон, ШХАБ, Франц, Германыг оролцуулаад НАТО-ийн гишүүн зэрэг 29 орны цэргийн атташе нар сургуулилтын явцыг ажиглаллаа. Үүний зэрэгцээ Хятад улс сургуулилтыг ажиглахад АНУ, Их Британи, Өмнөд Солонгос, Япон, БНАСАУ-ын төлөөлөгчдийг уриагүй байна. Эдгээр улс орны бодлого бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад үл нийцэж байна гэсэн үндэслэлээр хятадын тал эдгээр орны төлөөлөгчдийг уриагүй байна. Хамтарсан сургуулилтын үндсэн зорилго нь олон улсын терроризмтай тэмцэх бэлтгэл байлаа. Орос улсын Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга, армийн генерал Николай Макаров энэ тухай ярихдаа, Харамсалтай нь терроризм улам газар авч байна. Бараг бүх оронд терроризм нүүрлэж, олон улсын терроризм болон нэгдэж байна. Ирээдүйд манай дэлхий ертөнц амар жим байх эсэх нь олон орны хамтарсан, цэгцтэй, амжилттай үйлдлээс их шалтгаална. Орос, Хятадын “Энхийн даалгавар-2009” хамтарсан сургуулилтыг Хятадын ардын чөлөөлөх армийн ерөнхий штабын дарга, хурандаа генерал Чэнь Биндэ үнэлэхдээ, энэ сургуулилт цэргийн гэхээс улс төрийн ач холбогдолтой гэв. Бүс нутаг болон дэлхий ертөнцөд бүхэлдээ энх тайван, тогтвортой байдал тогтоохын тулд салан тусгаарлах үзэл, терроризм, бусад сорил, аюул заналын эсрэг хамтарсан хүч чармайлт тавихад манай хоёр орон бэлэн байгааг энэ сургуулилт харууллаа. Бид цаашид Орос улстай ийм сургуулилтыг хоёр талын үндсэн дээр, мөн ШХАБ-ын хүрээнд явуулах бодолтой байна гэж хятадын цэргийн дарга мэдэгдэв.  “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Александр Редченкогийн бэлтгэсэн материалыг хүргэлээ.