25 жилийн тэртээ эмэгтэй хүн анх удаа задгай сансарт гарсан юм. Тэр хүн бол оросын сансрын нисэгч Светлана Савицкая билээ. 1984 оны 7-р сарын 25-ыг хүртэл зөвхөн эрэгтэй хүн агааргүй орчинд хүнд ажил гүйцэтгэж, “эрчүүдийн клубт” эмэгтэй хүн элсүүлэх бодолгүй байсан. Тийрэлтэт нисэх онгоцоор нислэг үйлдэх, шүхрээр үсрэх спортоор дэлхийд олон удаа дээд амжилт тогтоосон Светлана Савицкая эмэгтэйчүүд задгай сансарт гарах замыг нээсэн. Тэрээр сансрын нисэгч Владимир Жанибековын хамт “Салют-7” станцын гадна 3 цаг 35 минут агааргүй орчинд ер бусын туршилт хийсэн юм. Тэрээр бүх горимд зүсэх, гагнах, ширээх зэрэг гар багажийг туршиж, задгай сансарт металлын тоос босгожээ. Савицкая хэд хэдэн төрлийн нисэх онгоцыг судалж, дэлхийн 18 дээд амжилт тогтоож, дунд сургууль төгссөний дараа сансартай хувь заягаа холбосон. Түүнийг 1980 онд сансрын нисэгчдийн бүрэлдэхүүнд элсүүлж, 1982 онд “Салют” тойрог замын сансрын станцад анх удаа очсон юм.