Америкийн нисэгчгүй нисэх онгоц Пакистанд цохилт өгөх үеэр дэлхийн зартай алан хядагч Усама бен Ладены хөвгүүдийн нэг Саад бен Ладен амиа алджээ. АНУ-ын тусгай албаны нэрээ нууцлахыг хүссэн төлөөлөгч Эн-Пи-Ар радиод өгсөн ярилцлагадаа Бен Ладены хүү үрэгдсэн байх магадлал 80-85 хувьтай гэжээ. ДНК-ийн шинжилгээгээр түүнийг үрэгдсэнийг баталж болох ч, тусгай албадад Саадын цогцос байхгүй байна. Радио станцын мэдээлснээр олон улсын зартай алан хядагчийн хүү оны эхэнд амиа алдсан аж. Саад “Аль-Каида” бүлгийн дээд удирдлагад багтдаггүй байсан ч, энэ бүлгийн үйл ажиллагаанд шууд хамаатай байсан юм. АНУ 2001 онд Афганистанд цөмөрсний дараа тэр тэндээс Иранд зугтжээ. Түүнийг Иранд баривчилж, удалгүй сулласан байна. Саад бен Ладен Иранаас Пакистанд очсон тухай америкийн тагнуулын алба өнгөрсөн жил мэдэгдсэн юм.