Хамтын Аюулгүй Байдлын тухай Гэрээний Байгууллагын /ХАБГБ/-ын оролцогч орнууд өчигдөр Москва хотноо болсон дээд хэмжээний уулзалтаар шуурхай хариулах хамтын хүчин байгуулах гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь цэрэг, стратегийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, Орос, Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргиз, Белорус, Арменийн харилцан ашиг сонирхолд нийцэж байна. Уулзалт амжилттай болсон ч, Белорус дээд хэмжээний уулзалтыг үл ойшоож, ёслолд оролцсонгүй. ХАБГБ-ын нэг улс “эдийн засгийн” хувьд ялгаварлан гадуурхаж байгаа тул Орос улсын нийслэлд ирэхээс татгалзсан гэж Белорусын тал тайлбарлав. Мэдээж хэрэг Орос улсыг хэлж байгаа нь ойлгомжтой. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “сүүний дайн” хэмээн нэрлэх болсон асуудал сүүлийн өдрүүдэд хоёр орны харилцаанд бий болсон юм. Энэ бол техникийн шинжтэй асуудал юм. Белорусаас импортоор авч байгаа сүүн бүтээгдэхүүнийг оросын хууль тогтоомжид нийцүүлэх тухай ярьж байна. Бие биенийхээ зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх бодолтой соёл иргэншсэн бүх оронд ийм арга хэмжээ авдаг. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ХАБГБ-ын дээд хэмжээний уулзалтын төгсгөлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “сүүн хямаралд” ихээхэн анхаарал хандууллаа. Хоёр талын асуудлыг үймж будлих бус зөвлөлгөөнөөр шийдэх ёстой гэж тэр тэмдэглэв. Белорусын хувьд оросын зах зээл хичнээн чухал болохыг Москва сайн ойлгож байна. Тус улс сүүн бүтээгдэхүүний 93 хувь, махны бүтээгдэхүүнийг 100 хувь Орос улсад нийлүүлдэг. Олон талын харилцааг хоёр талын харилцааны барьцаа болгож болохгүй. Ерөнхийлөгч Д.Медведев болж байгаа үйл явдлыг мах, сүүний үймээн хэмээн нэрлэж байгаа ч, байдлыг ээдрээтэй болгох хэрэггүй гэж үзэж байна. ТУХН-ийн улсуудын Хүрээлэнгийн Белорусын хэсгийн ахлагч Александр Фадеев “Оросын дуу хоолой” радиод энэ талаар ийнхүү ярив.  Белорусын төр засаг- улс төрийн удирдлага өөрийн мэдэгдэл, алхамдаа илүү хариуцлагатай хандаж, худалдаа-эдийн засгийн харилцааг улс төр болон цэрэг-стратегийн асуудалд уях ёсгүй гэж мэдэгдсэн юм. Холбооны улс хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж байна. Тиймээс Москва, Минск энэ улсыг байгуулах алхам хийх ёстой. Худалдаа, эдийн засаг, нийгмийн салбартай холбоотой асуудал хурцдахаас зайлсхийх ёстой. Орос улс Белорусын хувьд эдийн засгийн үндсэн түнш юм. Холбооны болон бүс нутаг, салбар хоорондын хөтөлбөрөөр энд нэг сая 200 мянган ажлын байр бий болсныг сануулахад хангалттай. Нийт экспортын 90 орчим хувийг Орос улсад нийлүүлдэг. Энэ зөвхөн сүү биш юм. Хүнд машин угсралт, даавуу, мебель, телевизор зэрэг юм. Энэ бүх бүтээгдэхүүнийг юуны түрүүнд оросын эд ангиар хийдэг. Тэгэхлээр ийм нягт холбоотой улс орнуудыг эрт дээрээс аж ахуйн нэгдсэн механизм гэж үзэж болно. Бүр ЗХУ-ын үеийнх шиг. Энэ хэн нэгэнд таалагдаж, нөгөөд нь таалагдахгүй байгаа. Одоо цаг үе өөрчлөгдсөн. Үүссэн нөхцөл байдалд Минскийн бие даасан улс төрч хүсч байгаачлан Москваг буцалтгүй тусламж өгдөг хандивлагчийн хувиар үзэж болохгүй. Орос, Белорус ахан дүүсийн барилдлагатай улс. Энэ хоёр улс ерөнхий түүх, ерөнхий асуудалтай. Хоёр орны харилцааны үндэст эрүүл ухаан, прагматизм оршиж, хамгийн гол нь бие биенээ харилцан хүндэтгэх ёстой.