НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын талаар тогтоол баталсныг сайшаалаа. Түүний хэлснээр Пхеньянд тодорхой, шийдвэртэй дохио өгчээ. Умард Солонгос хоёр дахь удаа цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан урьдын хоригийг чангалж, шинэ хориг арга хэмжээ авах тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баасан гаригт санал нэгтэй батлав. Тогтоолд БНАСАУ-аас цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөр, баллистик пуужин туршихаа зогсоохыг шаарджээ. АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд БНАСАУ-ын талаар илүү хатуу арга хэмжээ авахыг шаардаж байна. Орос, Хятад улс шаардасны дагуу олон хоригийг нэлээд зөөллөжээ. Хамгийн хурц асуудал болох Хойд Солонгосыг зорьж байгаа хөлөг онгоцыг задгай тэнгист шалгах тухайд тухайн хөлөг онгоцны далбай бүхий улсын зөвшөөрлөөр шалгалт хийхээр тохиролцжээ. НҮБ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэхдээ пуужин, цөмийн потенциал бий болгох Пхеньяны оролдлого нь байдлыг хурацатгаж, БНАСАУ болоод бүс нутгийн аюулгүй байдалд бүхэлдээ хор хохирол учруулж байна.  БНАСАУ цөмийн туршилт давтан хийсэн нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, цөмийн туршилтыг бүх талаар хориглох журмыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хүч чармайлтад ноцтой цохилт болж байна гэж Орос улс үзэж байна. НҮБ-ын дүрмийн цэргийн хүч үл хэрэглэх зүйлийн дагуу бүх хориг арга хэмжээ авахаар тогтоолд заасан нь зарчмын чухал ач холбогдолтой юм. Оросын төлөөлөгчид энэ зүйлээр хориг арга хэмжээ авахыг шаардаж байсан юм хэмээн Виталий Чуркин тэмдэглэв.  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг улс төр-дипломат арга замаар зохицуулахыг дэмжсэн зүйл оруулахад Орос улс идэвхтэй хувь нэмэр оруулсан. Юуны түрүүнд Орос, АНУ, Хятад, Япон, хоёр Солонгос улсын оролцоотой зургаан талын яриа хэлэлцээг сэргээх шаардлагатай байна. Баримт бичигт нэн даруй, урьдчилан болзол тавилгүй эргээд яриа хэлэлцээнд оролцохыг Пхеньянд уриалжээ.Үүний зэрэгцээ БНАСАУ-ын Гадаад хэргийн яам баасан гаригт хариу мэдэгдэл хийв. Энэ мэдэгдэлд НҮБ-ын аюулгүйн Зөвлөлийн сүүлчийн тогтоолд бүгд найрамдах улсын зэвсгийг хурааж, эдийн засгийн хувьд боомилж, улс төрийн системийг нураах зорилготой байна. Одоо БНАСАУ атомын зэвсгээс татгалзах аргагүй боллоо хэмээн дурджээ. Одоо тус улс уран баяжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Америкийн цөмийн аюул занал болон Вашингтоны дайсагнасан бодлогын улмаас Пхеньян атомын зэвсэг эзэмшихийг эрмэлзэж байна гэж Гадаад хэргийн яам тайлбарлав.