Ховдын их сургуульд Оросын өдрийн баяраар буюу 6-р сарын 12-нд Оросын соёлын төвийн нээлтийн ёслол боллоо. Алтайн хязгаарын төлөөлөгчдийн оролцоотой энэ ёслол болов. Манай сурвалжлагч Ольга Иванова энэ төвийг байгуулахад ихээхэн тусалсан Алтайн улсын их сургуулийн хэл бичгийн факультетын профессор Лидия Дмитриеватай ярилцав.
Энэ төвийг анх хэн байгуулахаар санаачилсан бэ?
Ховдын улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын дээд сургууль оросын соёлын төв байгуулахаар санаачилсан юм. Энэ төвийг Алтайн улсын их сургууль, “Монголын анд нөхдийн нийгэмлэг”, Алтайн хязгаарын дэмжлэгээр байгуулсан билээ. Хоёр бүс нутгийн төр засгийн байгууллага, эрдэм шинжилгээний салбарынхан нягт хамтран ажилласны дүнд оросын соёлын төвийг байгуулсныг хэлэх хэрэгтэй. Алтай, Ховдын их сургуулийн эрдэмтэд түүх, археологи, хэл шинжлэл, социологи, улс төр судлал, газар зүйн салбарт олон жил хамтарсан судалгааг идэвхтэй явуулж байна. Соёл, эрдэм шинжилгээний салбарын хамтын ажиллагааны бүх төлөвлөгөөг сайшаагаад зогсохгүй амжилттай хэрэгжүүлж байна. Оросын соёлын төвийг нээхийн урьд бэлэг дурсгалын зүйлс, гарын авлага, орос хэл, соёлын нэвтэрхий толь, уран зохиолын олон ном зэргийг Ховдод аваачих зохион байгуулалтын олон асуудлыг шийдсэн. Тус төвд байгаа ном, товхимолоос оюутан, Оросыг сонирходог хүмүүс хэл судлаад зогсохгүй оросын соёл, Алтайн түүхтэй танилцаж байгаа нь гарцаагүй. Алтайн сэхээтнүүд цуврал уран зурэг, гэрэл зургийг тус төвд өгсөн юм. 
Оросын соёлын төвийн нээлт ямар болсон бэ? 
Үнэхээр гайхалтай. Ховдын Улсын их сургуулийн ректор Ванчинхүү, мөн Гадаад хэл, соёлын дээд сургуулийн декан Энхжаргал нар Алтайн ажил нэгт нөхөд, зочдоо чин сэтгэлээсээ, элэгсэг дотно хүлээж авсан. Ёслолын арга хэмжээний хүрээнд Ховдын улсын их сургуулийн багш, оюутнуудтай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, оросын их дээд сургууль төгсөгчдийн холбооны гишүүн, Ховд аймгийн монгол-оросын найрамдалын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй дугуй ширээний уулзалт зохион байгуулав. Энэ боломжийг ашиглаад биднийг ямагт элэгсэг дотно хүлээж авдаг, мөн аливаа асуудлыг шийдэхэд бүх талаар дэмжиж эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулахад Алтайн эрдэмтдэд тусалдаг Ховд аймгийн засаг дарга Нямдаваад чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ төвийг байгуулахад хувь нэмэр оруулсан ноён Ванчинхүү, хатагтай Энхжаргал нарт хязгааргүй талархаж байна. 
Та бүхэн Алтайн улсын их сургуулийн хэл бичгийн факультетын профессор Л. Дмитриеватай хийсэн ярилцлагыг сонсоно уу.