Орос улсын Ерөнхий прокурорын Мөрдөн шалгах хороо Москва хотын Черкизовын захын агуулахад хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүүхдийн барааг хадгалж байсан тухай эрүүгийн хэргийг шалгаж байна. Ерөнхий прокурор Юрий Чайка урьд телевизд өгсөн ярилцлагадаа, хууль бусаар хил давуулсан их хэмжээний бараа бүхий 6 мянган чингэлэг тус захад байгаа тухай мэдэгдсэн юм. Нийт 2 тэрбум орчим долларын үнэтэй бараа юм. Барааны эзэн, хүлээн авагч нь тодорхойгүй байна гэж Чайка тэмдэглэсэн билээ. Тэрбумтан Тельман Исмаиловын тэргүүлдэг “АСТ” компанийн агуулахад бичиг баримтгүй энэ барааг хадгалж байжээ. Захад нь аюултай бараа хэвтэж байхад тэрбумтан Туркийн Анталье хотод 1,5 орчим тэрбум долларын өртөгтэй тансаг зочид буудал нээжээ.