Үр тариа үйлдвэрлэгчид өнөөдөр Санкт-Петербург хотноо болж байгаа Дэлхийн форумд нэг ширээний ард суулаа. Петербургийн эдийн засгийн форумын “тариан талбайгаас” тэд хямарлын эсрэг шинэ санаа бүхий сайн “ургац” хураах бодолтой байна. Орос улс болон дэлхийд анх удаа ийм өргөн хэмжээний арга хэмжээ болж байна гэж манай тоймч Лада Коротун тэмдэглэж байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Дэлхийн үр тарианы форум зохион байгуулахаар санаачилсан юм. Бразил, Герман, Израил, Саудын Арави, Турк, бусад орны хөдөө аж ахуйн сайд зэрэг 1500 хүн дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хүнсний хямарлын хүрээ өргөжих эрсдэл ихсэж байгаа тул энэ сэдэвт онцгой түгшиж байна гэж Орос улсын хөдөө аж ахуйн салбарын холбооны дарга Иван Оболценев тэмдэглэв. 
“Үр тарианы форумын” тухай ярихад дэлхийд үр тариа боловсруулж, нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг биш юм. Тэнд хүнсний аюулгүй байдлын дэлхийг хамарсан асуудлыг хэлэлцэнэ. Энэ тохиолдлын хэрэг биш юм. Дэлхийн хөдөө аж ахуйн салбар 2007-2008 онд хангалттай саадтай тулгарав. Үр тариа зэрэг хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнэ эрс өссөн. Үр тариаг хүнсэнд ашиглахаас гадна био түлш гаргахад ашиглах болсонтой энэ холбоотой. Зүүн өмнөд Азийн орнуудад хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэлээд нэмэгдсэн юм. Үр тарианы үйлдвэрлэл илт хорогдож байгаа энэ үед хүнсний бүтээдэгдэхүүний эрэлт сүүлийн үед тогтвортой өсч байна. Тариалангийн газрын талбай багасч, цаг уур өөрчлөгдөж байна. Үүнтэй холбогдуулан Орос улсын ерөнхийлөгч нөөц хүнсний бүтээгдэхүүний дэлхийн удирдах систем байгуулахаар санаачилсан юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр тусламж шаардлагатай улс оронд үр тариаг хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр нийлүүлэхэд хялбар болох бөгөөд үр тарианы зах зээлийн эрсдлийг бууруулна.
Дэлхийн үр тарианы үйлдвэрлэлийн асуудал нь хүнсний аюулгүй байдлын үндэс юм. Үр тарианы үнэ, түүний үйлдвэрлэлийн хэмжээ талх, сүү, мах, бусад чухал хүнсний бүтээгдэхүүний өртөгт нөлөөлдөг. Хүртээмжтэй, чанартай хүнсний бүтээгдэхүүн нь ямар ч улсын тогтвортой нийгмийн үндэс билээ. Форумын үндсэн сэдвийн нэг нь олон улсын үр тарианы нөөцийн сан байгуулах явдал юм. Ийм сан дэлхийн хүнсний сорилд шуурхай хариу үйлдэл үзүүлэх боломж олгоно. Дэлхийн зах зээлд чухал тоглогч болох Хар тэнгис орчмын орнууд “үр тарианы хэлэлцээ” байгуулахад хөдөө аж ахуйн салбарынхан анхаарал хандуулна. Өнөөгийн байдлаар Орос улс дэлхийн 50 гаруй оронд үр тариа нийлүүлж, хүнсний тогтвортой байдлыг хангаж байна. Орос улс Украин, Казахстантай хүчтэй бүлэг байгуулж, дэлхийн зах зээлд үр тарианы гол нийлүүлэгч болсон юм. Тиймээс дэлхийн үр тарианы зах зээлд Хар тэнгис орчмын орнуудын байр суурийг уялдуулах дараагийн алхам хийх ёстой билээ.