Өнөөгийн дэлхийн хямарал ээдрээтэй сорил төдийгүй Орос улсад эдийн засгийн инновацийн бүтэц байгуулах ер бусын боломж юм. Өнөөгийн эдийн засгийн амаргүй байдлаас гарахад энэ сургамж хэрэгтэй гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. Тэрээр Санкт-Петербург хотноо дэлхийн эдийн засгийн форум болохын өмнө америкийн Си-Эн-Би-Си компанид ярилцлага өгсөн юм. 
Орос улс дэлхийн эдийн засгийн уналтад бусад орноос дутахгүй өртсөн. Үүссэн нөхцөл байдалд субъектив, объектив тал байдаг. Манай улс олон талаар эдийн засгийн хуучин бүтцийн барьцаа болсон гэж Д.Медведев хэллээ. Бидэнд ямар бэрхшээл тулгарсан бэ? Оросын эдийн засгийн өнөөгийн бүтэц бидэнд тээг болж байна. Оросын эдийн засаг өнөө хүртэл экспортоос их хамааралтай, түүнд тулгуурласан нь нууц биш юм. Түүхий эдэд чиглэсэн энэ экспортын улмаас саад учирч байна. Учир нь нефть, хийн үнэ өөрчлөгдсөн юм. Экспортын хэд хэдэн бараа тухайлбал металлургийн бараа, металлургийн бүтээгдэхүүн зэрэг дорвитой барааны үнэ нэлээд буурсан. Эдгээр нь экспортын гол бүтээгдэхүүн юм. Тиймээс Д.Медведев инновацийн төрөлжүүлсэн эдийн засаг байгуулах, хямарлын үр дагаврыг даван туулахад Орос улсын эдийн засгийн хөгжлийн үндсэн зорилт гэж үзэж байна. 
Хий, нефть зэрэг түүхий эдийн экспортоос бүрдсэн нэмэлт боломжийг бид эдийн засгийн бүтцийг жинхэнээсээ өөрчлөхөд ашиглах ёстой. Бидний хэрэгжүүлж байгаа /нефть боловсруулах, нефть хими, хийн хими, шингэрүүлсэн хийн/ томоохон төсөл, нефть хийн хүчин чадлыг өргөжүүлэхэд нэмэлт орлогыг ашиглахаас гадна энэ хөрөнгийн заримыг өнөө үед анхаарлын төвд байгаа эрчим хүчний үр нөлөө, эрчим хүч хэмнэх, “ногоон” эдийн засаг, орчин үеийн биотехнологи, мэдээлэл технологи зэрэг орчин үеийн технологид зарцуулах хэрэгтэй. Нэмэлт орлогоо энэ маягаар зарцуулж, тэнцвэржүүлбэл нэг талаас, мөн нөгөө талаас манай улсад шинэ үйлдвэрлэл хөгжиж, эцсийн дүндээ оросын эдийн засаг шинэ бүтэцтэй болно. Энэ хамгийн чухал зорилт юм.
Мэдээж хэрэг Орос улс дэлхийн эдийн засгийн салшгүй хэсэг байна. Хямарлаас хохирол багатай гарахын тулд өнөөгийн санхүүгийн механизмыг өөрчлөх шаардлагатай. Энэ нь үндэстэн дамнасан валют бий болгох, бүс нутгийн хэд хэдэн шинэ валют бий болгох тухай юм. Орос рубль энд нааштай үүрэг гүйцэтгэх боломжтой гэж Д.Медведев үзэж байна. Дэлхийн эдийн засгийн талбарт тоглоомын шинэ дүрэм бий болгох нь 21-р зууны сорилын хариу болно.