Монгол, оросын төмөр замчид энэ долоо хоногийн төгсгөлд “Улаанбаатар төмөр зам” нээлттэй хувьцаат компанийн 60 жилийн ойг өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Энэ ойг тохиолдуулан Монгол Улсын нийслэлд болох олон арга хэмжээг орос, монголын тэргүүлэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжуулна. Удахгүй болох арга хэмжээний тухай “Оросын төмөр зам” компанийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Перцевыг ярихыг хүссэн юм. Тэрээр манай студид байна.
Улаанбаатар төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн 60 жилийн ойд зориулсан үндсэн арга хэмжээ Улаанбаатар хотод 6-р сарын 6-нд болно. Тус улсын дэд бүтцийг хөгжүүлэх, төмөр зам барихад оролцсон ахмадууд, мөн ёслолын арга хэмжээнд оролцох оросын төлөөлөгчид саяхан Эрхүү хотоос Монгол улсын нийслэлийг зорилоо. Ёслолын ажиллагаа 6-р сарын 6-ны өглөө Улаанбаатар хотын төмөр замын вокзалд болно. Энэ өдөр “Оросын төмөр зам” компанийн ерөнхийлөгч Владимир Якунин тэргүүтэй оросын төлөөлөгчид Москвагаас монгол улсын нийслэлд ирнэ. Ёслолын арга хэмжээнд оросын талаас 100 гаруй хүн оролцоно. Ёслолын арга хэмжээ бямба гаригийн турш үргэлжилнэ. Гол шугамыг барьж байгуулж, ашигласан хөдөлмөрийн гавьяаны төлөө вокзалын байрны урд дурсгалын самбар нээж, нийслэлийн зорчигч тээврийн вагон депод Оросын төмөр зам компанийн орчин үеийн хөдлөх бүрэлдэхүүний загварын үзэсгэлэн гарна. Хоёр орны ахмад ажилчид төмөр замчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөнө. Энэ өдөр Улаанбаатар төмөр замын гол талбайн замын капитал засвар эхэлсэн Үнэгтийн давааны зөрлөгөөс галт тэрэг хөдөлнө. “Оросын төмөр зам” компанийн Дорно-Сибирийн салбарын барилгачид галт тэргийг хөтөлнө. Үдээс хойш Монгол Улсын дуурь, бүжгийн академик театрт Улаанбаатар төмөр зам нээлттэй хувьцаат компанийн 60 жилийн ойд зориулсан хурал, баярын концерт болно. Баярын бүх арга хэмжээг “Оросын төмөр зам” компани, “Улаанбаатар төмөр зам” компанийн хамтарсан төслөөр хэрэгжүүлж байгаа. Төслийг хоёр тал санхүүжүүлж байна. Үүнд 6-р сарын 6-нд болох арга хэмжээнээс гадна бусад үйл ажиллагаа багтсан. Улаанбаатар хотод 6-р сарын 5-нд буюу пүрэв гаригт “Улаанбаатар төмөр замын түүх, хөгжлийн ирээдүй” эрдэм-шинжилгээ практикийн хурал болно. Харин 5-р сарын 24-өөс соёл-эрүүл мэндийн галт тэрэг Эрхүү хотоос Улаанбаатарыг зорино. Дорно Сибирийн төмөр замын клиникийн эмнэлгийн эмч нар хоёр долоо хоногийн турш галт тэргэнд нүүдлийн эмнэлгийн горимоор ажиллана. Монголын төмөр замчид, тэдний гэр бүлийн гишүүд өндөр мэргэжлийн эмч нарт үзүүлэх боломжтой төдийгүй тэнд хандсан бүх хүнд зөвлөлгөө өгч, үзлэг хийнэ. Галт тэрэгний бүх өртөөнд Дорно-Сибирийн төмөр замын уран бүтээлийн хамт олны бэлтгэсэн баярын концерт болно. Манай нэвтрүүлэгт “Оросын төмөр зам” компанийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Перцев оролцов.
<сонсох>