Эрхүү хотод “Байгаль орчмын залуусаас-Халх Голын баатаруудад” олон улсын экспидицийн бүрэлдэхүүнийг саяхан тодорхойлов. Эх оронч энэ аялалд оролцох шилдэг залуусыг янз бүрийн сонгон шалгаруулалтаар тодруулав. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович 8-р сард болох аялал, энэ экспидицийн сонгон шалгаруулалтын талаар Эрхүү мужийн биеийн тамир, спорт, залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн яамны Залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн газрын орлогч дарга Ольга Уватовагаас тодруулсан юм. Тэрээр ярихдаа, “Байгаль орчмын залуусаас –Халх голын баатаруудад” аялалд оролцох эрхийн төлөө 9 баг сонгон шалгаруулалтад өрсөлдсөн. Эрхүү, Братск, Устилимск, Черемхово зэрэг хот, мужийн их дээд сургуулийн оуютнууд аялалын бүрэлдэхүүнд багтжээ. Шувтаргад Эрхүүгээс 5, Братскаас нэг баг орсон. Авто машины уралдаанд оролцох эрхийн гэрчилгээр 42 хүн авсан байна. Тэд багагүй бэрхшээл, сорилыг даван туулжээ. Залуус сонгон шалгаруулалт ийм ширүүн өрсөлдөөнтэй байна гэж төсөөлөөгүй юм. 
Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсныг санацгаая? 
Уралдаан гурван үе шаттай болсон. Эхлээд уралдаанд оролцогчид Халх голын тулааны түүхийн талаар эрдэм шинжилгээний нийтлэл бичсэн. Хоёр дахь шатанд Эрхүү мужийн хотын гудамжинд хөшөө дурсгалыг засч янзлах нийгмийн аян өрнүүлсэн юм. Харамсалтай нь манай мужид Халх голын тулаанд оролцсон дайчдын дурсгалд хөшөө, дурсгалын самбар хараахан босгоогүй байна. Тиймээс залуус эх орны дайнтай холбоотой хөшөө дурсгал тухайлбал ЗХУ-ын баатаруудын дурсгалын самбар, маршал Георгий Жуковын хөшөө, “Мөнхийн галын” хөшөө, бусад объектыг засч сэлбэжээ. Уралдааны гурав дахь үе хамгийн хүнд, сонирхолтой хэсэг байлаа. Халх голын үйл явдлын талаар “түүхэн асуулт хариултын” уралдаан явуулсан юм. Энэ уралдаанд Эрхүүгийн улсын их сургуулийн баг түрүүлсэн юм. Түүхийн мэдлэг бол ердөө дасгал байсан. “Тандаад, тодруулаад, мэдээлэл” нэртэй сорилын дараагийн шатанд залуус онолын мэдлэгээ хөнгөн атлетик, хотод зүг чиг олохтой уялдуулсан юм. Уралдаанд оролцогчид маршрутын хуудас, өгсөн мэдээлэлд тулгуурлан Эрхүүд аугаа эх орны дайнтай холбоотой газруудыг олсон. Хувийн тэргээр бус зөвхөн шугамын унаа, трамвай, троллейбусаар тэд энэ газрыг олж байлаа. Оросын Дотоод хэргийн яамны хүрээлэнгийн курсантууд хамгийн түрүүнд хотын түгжирлийг үл харгалзан бүх нууцыг тайлсан юм. Уралдааны хамгийн төгсгөлийн хэсэг болох “Бартаат зурвас”-т ирээдүйн хууль сахиулагчид мөн түрүүлсэн.
“Байгаль орчмын залуусаас-Халх Голын баатаруудад” экспидиц хэзээ Монголыг зорих вэ? 
Экспидиц 8-р сарын 10-нд “Мөнхийн гал” хөшөөнөөс аялалд гарна. Тэд 8-р сарын 12-нд орос-монголын хил Хяхтын нутгийг давна. Хоёр хоногийн дараа Улаанбаатар хотод ирнэ. Монгол Улсын нийслэлээс Халх голын тулаан болсон Дорнод аймгийн Сүмбэр сумыг зорино. Оросын аялагчдын буусан газар монгол залуус тэдэнтэй нэгдэнэ. Хоёр орны залуучууд замдаа Халх голын баатаруудад босгосон хөшөөнд цэцэг өргөж, албан ёсны уулзалт, концерт болно. Залуус 8-р сарын 29-нд Улаанбаатар хотноо ирж, Ялалтын баярын 70 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцоно. 
Оросын залуус энэ аялалд ямар сэтгэгдэлтэй байна? Тэд үнэхээр сонирхож байна уу?
Аялалд оролцох хүсэлтэй хүмүүсийн тоог үзээд бид үнэндээ их гайхсан. Манай залуус өвөг дээдсийн хийснийг үл ойшоодог гэсэн ойлголт буруу байна. Уралдаан зарласны дараа үүнд оролцох өргөдөл өгсөн залуус өндөр сэтгэгдэлтэй даалгавар биелүүлэх болсон. Тэд түүхийн сурах бичгийн хуудас эргүүлж, хэдэн цагаар баримтат кино үзэж байсан. Уралдааны дүнг гаргах өдөр Халх голын тулаанд оролцсон ахмад дайчин, өдгөө нас сүүдэр 91-тэй Василий Лощенкийн яриаг тэд сонирхон сонсож байсан. Аялалын бүрэлдэхүүнд багтаагүй зарим багийн гишүүд гонсгор байгаа нь илт. Энэ аялалыг ердийн гэж хэлэх аргагүй юм. Орос, Монголын түүх, манай ард түмний найрамдалын түүхийг чин сэтгэлээсээ сонирхож байгаа илрэл билээ.
Эрхүү мужийн биеийн тамир, спорт, залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн яамны Залуучуудын бодлогын газрын орлогч дарга Ольга Уватоватай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>