Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Орос улсын Аюулаас хамгаалах газрын Хилийн албаны цэргийн албан хаагч, ахмад ажилчдад мэргэжлийн баярыг нь тохиолдуулан баяр хүргэв. Энэ тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжиллаа. Баярын мэндчилгээнд, “Дайсантай хамгийн түрүүнд нүүр тулдаг хилчид тэсвэр хатуужил, эр зориг, эх орныхоо төлөө амь бие үл хайрлан тэмцэх зэрэг орос цэргийн шилдэг чанараар эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ямагт нэр төртэй биелүүлсээр ирсэн. Бид хилийн отряд, заставын командлагч, дайчдын гавьяагаар зүй ёсоор бахархаж, дайны жилүүдэд, мөн тайван цагт эх орныхоо хилийг хамгаалахад амиа өргөсөн цэрэг эрсийн дурсгалыг тэргүүнээ бөхийлгөн хүндэтгэж байна. Өнөөдөр Орос улсын Аюулаас хамгаалах газрын Хилийн албанд хэд хэдэн чухал, хариуцлагатай зорилт байна. Хилийн аюулгүй байдлын салбарт шинэ технологийг эрчимтэй нэвтрүүлж, цэргийн анги нэгтгэлийг орчин үеийн зэвсэг, хяналтын хэрэгслээр хангах шаардлагатай байна. Олон улсын терроризм, хил дамнасан гэмт хэрэг, мансууруулах бодисын наймааны эсрэг үр нөлөөтэй тэмцэхэд энэ түлхэц болно. Та бүхэн цаашид иргэдийн энх амгалан байдлыг хангаж, Орос улсын хилийн манаанд найдвартай зогсоно гэдэгт итгэлтэй байна.