Өмнөд Солонгос дахь НҮБ-ын цэргийн командлал тус хойгт 1950-1953 оны дайныг эцэслэсэн гал зогсоох тухай гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа тухай мэдэгдэв. Гэрээнд гарын үсэг зурсан бүх орон зайлшгүй сахин биелүүлнэ гэж НҮБ-ын командлалын хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Умард Солонгос энэ гэрээг сахин мөрдөх бодолгүй байна хэмээн мэдэгдсэнтэй холбогдуулан НҮБ-ын тус командлалаас ийм мэдэгдэл хийв. БНАСАУ саяхан цөмийн болон пуужингийн туршилт хийсний дараа хойгийн зэвсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Энэ түвшинг хамгийн өндөр хэмжээнд хүргэжээ. БНАСАУ 2006 онд анх цөмийн туршилт хийсний дараа байлдааны бэлэн байдлыг ийм түвшинд хүргэж байжээ. Орос улсын цэргийн тагнуулын хүчин, хэрэгсэлд энэ бүс нутгийн нөхцөл байдлын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх үүрэг өгчээ. БНАСАУ-аас ОХУ-д суугаа элчин сайдыг лхагва гаригт Орос улсын Гадаад хэргийн яаманд урьж, тус улс 5-р сарын 25-нд газар доорх цөмийн туршилт хийж, ойрын тусгалтай пуужин харвасанд ноцтой түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үйлдлийн улмаас Зүүн-Хойд Азийн байдал хурцадсан нь тус бүс нутгийн ганц ч орны ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд үүнийг намжаах арга хэмжээг хойшлуулалгүй авах шаардлагатай байна гэж Гадаад хэргийн яам уламжлав. Орос улс Умард Солонгосыг зургаан талын яриа хэлэлцээнд буцаж орохыг уриалав.