БНАСАУ цөмийн туршилт хийсэн нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, олон улсын хууль эрхийн хэм хэмжээг зөрчиж байна гэж Орос улс болон Өмнөд Солонгос үзэж байна. Өмнөд Солонгосын талын санаачилгаар Орос улсын ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак нар өнөөдөр утсаар ярисан тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Пхеньяны үйлдлийн улмаас Зүүн Хойд Азийн байдал хурцадсан талаар төрийн тэргүүн нар санал солилцсон гэж мэдэгдэлд дурджээ. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчидтэй уулзахдаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын талаар хатуу тогтоол батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Үүний зэрэгцээ тэрээр хойд Солонгосын цөмийн асуудлаарх 6 талын яриа хэлэлцээг сэргээх арга замыг эрж хайх шаардлагатай байгааг тэмдэглэв. БНАСАУ даваа гаригт 10-20 килотонн хүчтэй газар доор цөмийн дэлбэрэлт үйлдэж, сүүлийн 2 хоногт ойрын зайны таван пуужин харвасан юм. Солонгосын дайныг эцэслэсэн хойд, өмнөд Солонгосын гал зогсоосон гэрээнд уягдахгүй гэж Пхеньян өнөөдөр мэдэгдсэн байна. Умард Солонгосын баргуун эргийн дагуу иргэний хөлөг онгоц, америк, өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц зорчих аюулгүй байдлын баталгаа гаргах боломжгүй хэмээн тус улс мөн мэдэгдлээ.