Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили огцрохгүй бол тус улсын сөрөг хүчин Тбилисийн нисэх буудлын ажлыг саатуулахад бэлэн байна. “Нэгдсэн Гүрж хөдөлгөөний” намын тэргүүлэгчдийн нэг Эка Беселиягийн мэдэгдсэнээр сөрөг хүчин “хамгийн эрс үйлдэлд” шилжиж байна. Сөрөг хүчнийг дэмжигчид өчигдөр Тбилис-Батумийн төмөр замын гол шугамын хөдөлгөөнийг хэдэн цагаар хаажээ. Сөрөг хүчин ийм алхам хийхийг хүсээгүй ч, төр засаг ард түмний дуу хоолойг сонсохгүй байгаа тул аргагүй ийм алхам хийх болоод байна гэж Гүржийн парламентын дарга асан Нино Буржаназе мэдэгдэв. Саакашвилийн дэглэмийг мэдээллээр дэмжиж байгаа олон нийтийн телевизийн барилгыг эзлэхийг уриалж байна.