НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хойд Солонгосын талаар хатуу тогтоол бэлтгэж байгаа энэ үед тус улс пуужингийн эрчимтэй туршилтаа үргэлжлүүлсээр байна. БНАСАУ хоног хүрэхгүй хугацаанд “газар-агаар” ангиллын, ойрын зайд 130 км радиуст тусдаг 3 пуужин туршжээ.  Үүнээс гадна Сөүлийн хэвлэлд бичсэнээр Умард Солонгосын эрх баригчид Йонбен дахь плутонийн зэвсэг боловсруулах байгууллагын ажлыг сэргээсэн байна. Сөүлийн томоохон сонины нэг энэ тухай америкийн сансрын тагнуулын мэдээллээс иш татан нийтэлжээ. Шинжээчдийн дүгнэснээр өнөөгийн байдлаар Пхеньян плутониор цэнэглэсэн цөмийн 6 байлдааны нөөцтэй байж магадгүй байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар утсаар Умард Солонгосын асуудлыг хэлэлцжээ. Олон улсын хамтын нийгэмлэг шуурхай, шийдвэртэй арга хэмжээ авах ёстой. Харин Пхеньян сонгосон замынхаа хариуцлагыг бүрэн үүрнэ гэдэгт тэд санал нийлсэн юм. БНАСАУ-ын эрх баригчид Солонгосын дайныг эцэслэсэн 1953 оны гал зогсоох гэрээнд уягдахгүй, шаардлагатай тохиолдолд сөргөлдөгчдөд цэргийн цохилт өгнө хэмээн 5-р сарын 27-нд мэдэгдсэн билээ. БНАСАУ-ын 5-р сарын 25-нд цөмийн туршилт хийсэн нь Умард Солонгосын атом, пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хүчээр шийдэх боломж байхгүй болохыг эцэслэн харууллаа гэж оросын шинжээчид үзэж байна. Оросын шинжлэх ухаан академийн дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн мэргэжилтэн Владимир Евсеева ярихдаа: "Умард Солонгос бэлэн цэнэгт хошуутай, үүнийг байгаа пуужиндаа хэдийн залгасан байж магадгүй тул Хойд Солонгосын цөмийн асуудлыг хүчээр шийдэх аргагүй юм. Умард Солонгосын цөмийн асуудлыг хүчээр шийдэх дурын оролдлогын улмаас цөмийн зэвсэг хэрэглэвэл БНАСАУ болоод хүрээлж буй улсуудад эмгэнэлтэй үр дагавартай юм. Хойд Солонгосын асуудлаар зургаан талын яриа хэлэлцээг сэргээх боломж байгаа гэж Москва үзэж байна. “Энэ бодитой хэмээн бодож” байна" гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин хэллээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бэлтгэж байгаа тогтоолын тухайд Оросын Гадаад хэргийн дэд сайд яаран дүгнэлт хийхгүй байхыг уриалсан байна. “Одоо энэ тухай ярихад эрт байна. Хамгийн гол нь баримт бичиг зөвшилцсөн, БНАСАУ пуужин-цөмийн хөтөлбөрөө зогсоож, 6 талын яриа хэлэлцээг сэргээхэд үйлчлэх нөлөөтэй байх ёстой” гэж дипломат тэмдэглэв. Орос улс БНАСАУ-ын эсрэг нэг талын хориг авахын эсрэг бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл олон талын зөвшилцлөөр, НҮБ-ын дүрмийн холбогдох бүлэг, зүйлд тулгуурлан хориг авах ёстой гэж Алексей Бородавкин мэдэгдэв. “Нэг талын хориг арга хэмжээ бол бидний сонголт биш” хэмээн оросын дипломатч тэмдэглэллээ. Хятадын Улсын Гадаад хэргийн яам мөн ижил байр суурь илэрхийлжээ.