Хойд Солонгос хоёр дахь удаа цөмийн туршилт хийсэнд дэлхийн дахинаа ихээхэн түгшиж байна. Өнөөдөр энэ асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлыг өнөөдөр орой товлов. ОХУ-ын Гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавров мэдэгдэхдээ, хуралд оролцох хүмүүс болсон үйл явдлын талаар яв цав төсөөлөлтэй байх ёстой. “БНАСАУ цөмийн төхөөрөг дэлбэлэсэн тухай мэдээлэлд бид мэдээж хэрэг түгшиж байна. Пхеньянаас ийм мэдэгдэл ирсэн. Үндэсний газар хөдлөлтөд хяналт тавих хэрэгслээр энэ мэдээллийг дахин шалгах шаардлагатай гэж бид үзэж байна. Үүний дараа дүгнэлт хийнэ” гэж Сергей Лавров хэлэв.
Цэргийн талбай оршдог БНАСАУ-ын зүүн-хойд хэсэгт газар дор донсолсныг Орос, Япон, Өмнөд Солонгосын газар хөдлөлтийн явцыг хянах станц бүртгэсэн юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам Хойд Солонгос туршилт хийсэн баримтыг баталсан юм. Энэ удаа 2 гаруй жилийн өмнөхөөс илүү хүчтэй цөмийн төхөөрөг туршсан гэж Япон, Өмнөд Солонгосын цэргийн яамдууд үзэж байна.
Харамсалтай нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг өнгөрсөн жил бараг шийдсэн гэж үзэж байсан ч, сөрөг чиглэлд өрнөж байна. Тэр үед Орос, Хятад, АНУ, Япон, хоёр Солонгосын бүрэлдэхүүнтэй зургаан талын яриа хэлэлцээнд оролцогчид Пхеньянд эдийн засаг, эрчим хүчний тусламж үзүүлж, хариуд нь тус улс цөмийн салбарын ажлаас татгалзахаар тохиролцсон юм. Тохиролцоог хэдийн амьдралд хэрэгжүүлж эхэлсэн байна. БНАСАУ болон АНУ шалгалтын арга хэмжээний тухайд тохиролцож чадаагүй тул хэрэг ээдрээтэй болж эхэлсэн. Умард Солонгос тусламж үзүүлэхэд бэрхшээл учрах болсон. Умард Солонгос энэ оны 4-р сарын эхэнд хиймэл дагуул бүхий пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дарга буруушаасан мэдэгдэл хийсний дараа байдал улам дордсон юм. Пхеньян 4-р сарын дундуур цөмийн хөтөлбөрөө сэргээх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах яриа хэлэлцээнээс гарч байгаа тухайгаа зарласан билээ. АНУ Хойд Солонгосын талаар дайсагнасан бодлого баримтлахаас татгалзахгүй бол БНАСАУ цөмийн тогтоон барих хүчнээ бэхжүүлнэ хэмээн ойлгуулсан юм. Өнөөгийн туршилт нь Хойд Солонгосын эргэн тойрны байдал хяналтаас гарсны илрэл юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Пхеньяныг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмд буцаах нэн амаргүй хирнээ маш хүнд асуудал тулгарч байна.