Та бүхэн “Оросын дуу хоолой” радио сонсож байна. Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн яаманд тус яамны сайд Елена Скрынникийн удирдлаганд мал эмнэлгийн хяналтын салбарт орос-монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар зөвлөлгөөн болов. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путины даалгавраар зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Түүнийг 5-р сарын дундуур Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэр талууд монголын амьтны гаралтай бүтээгдэхүүнийг оросын зах зээлд аль болох яаралтай экспортлох бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Монголоос Орос улсад малын мах нийлүүлэхэд мал эмнэлгийн асуудал гол тээг болж байна.
Өнөөдөр бид нэвтрүүлэгтээ ОХУ-ын улсын мал эмнэлгийн ерөнхий байцаагч, Орос улсын хөдөө хүнс аж ахуйн хяналтын газрын дарга Николай Власовыг урьж оролцуулж байна. 
Николай Анатольевич, Монголоос мал, малын махыг Оросын зах зээлд их хэмжээгээр, системтэй нийлүүлэхэд юу саад болж байна вэ? 
Хамгийн гол нь манай хоёр улсын малын тахлын байдал ялгаатай байна. Энэ тухайд Моголын байдал Оросынхоос сул байна. Тэнд хүн амьтанд халтай хэд хэдэн халдварт өвчин гарах аюул байна. Энэ нь Монгол улстай хиллэж байгаа өмнөд хэсгийн нутгуудад таагүй юм. Мөн тус улсын мал эмнэлгийн албанд хангалттай хэмжээний хөрөнгө оруулахгүй байгаатай холбоотой. Орос, Монголын мал эмнэлгийн албад хамтарсан ажил зохион байгуулахад ямар ч саад тээг байхгүй. Орос, Монголын хооронд цаашид худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг харгалзан Оросын хөдөө аж ахуйн хяналтын газрын удирдлага ойрын үед мал эмнэлгийн хяналтын салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой санал танилцуулна. Тухайлбал Монголын мал эмнэлгийн ажлыг шинэ чанартай түвшинд гаргах, улс орны малын тахлын байдлыг бүхэлд нь дээшлүүлэх цогц хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байна. 
Монголын махыг 20 жилийн өмнө ямар ч саадгүй ЗХУ-д нийлүүлж байсан… 
Тэр үед монголоос бага хэмжээний мал, мах авдаг байсан. Зөвлөлтийн үед нийт экспортын хэмжээ жилд 40 мянгаас давдаггүй байсан. Өнөөдөр оросын янз бүрийн компаниуд 47 мянга 380 тонн мах оруулах зөвшөөрөл авсан. Гэхдээ зөвхөн тусгай хязгаартай газар оруулна. Алс Дорнодоос Казахстан хүртэл Монгол улстай хил залгаа нутгуудад хязгаар тогтоосон. Оросын талаас зөвшөөрөл авсан байгууллага юуны түрүүнд малд шүлхийн эсрэг вакцин хийх зэрэг Оросын хүнс хөдөө аж ахуйн хяналтын газраас тогтоосон бүх шаардлагыг биелүүлсэн тохиолдолд Монголоос мах оруулахыг зөвшөөрнө. Өнөөгийн байдлаар Орос улсад мах түүхий эд нийлүүлэх жагсаалтад Монголын 12 аймгийн компани багтсан. Монгол Улстай хиллэдэг Буриад, Алтай, Тува, Хакасс, Хабаровск, Приморийн хязгаар, Чита муж зэрэг ОХУ-ын субъектад ястай үхрийн мах, үхэр болон хонины ясгүй мах, адуу, үржлийн болон хэрэглээний хонь, ямаа нийлүүлнэ. Энэ жил 47 мянга гаруй тонн мах Орос улсад оруулахыг зөвшөөрчээ. Гэтэл өнгөрсөн саруудад ердөө 3 мянга орчим тонн мах ОХУ-д оруулхыг зөвшөөрч байсан. Ягаад тэр вэ? Учир нь мах нийлүүлнэ гэдэг бизнес юм. Орос, Монголын ихэнх компани доллароор төлбөр тооцоо хийж байна. Долларын ханш өссөн тул Монголоос мах авахад ашиггүй болж байгаа юм. Харин Буриадын бүгд найрамдах улс, мөн нийлүүлэгч компани рублээр төлбөр тооцоо хийж байна. Буриадад 6-р сарын адагт Монголоос үржлийн бог мал нийлүүлнэ. Үүний тулд бид хязгаар тогтоох тусгай арга боловсруулж, монголын талд шаардлагатай бүх бүтцийг байгуулсан.  Манай нэвтрүүлэгт ОХУ-ын Улсын мал эмнэлгийн ерөнхий байцаагч Николай Власов оролцов.
<сонсох>