Орос улс Ази Номхон далайн бүс нутагт дээд зэргээр интеграцчилах бодолтой байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Хабаровск хотод айлчлахдаа мэдэгдэв. “Ази Номхон далайн бүс нутаг нь бидний хувьд Европын зүгт уламжлалт хөгжлөөс дутахгүй ирээдүйтэй чиглэл хэмээн Орос улсын төрийн тэргүүн хэллээ. Бид Ази Номхон далайн бүс нутгийн бүх арга хэмжээнд оролцох ёстой төдийгүй бид янз бүрийн байгууллага, талбарт Ази Номхон далайн бүс нутагт дээд зэргээр интеграцчилахыг сонирхож байна.”
Манай тоймч Альберт Папоян тайлбарлахдаа, "Ерөнхийлөгч Д.Медведевийн өнгөрсөн оны 7-р сард баталсан улс орны гадаад бодлогын үзэл баримтлалалд “ОХУ-ын олон чиглэлтэй гадаад бодлогод Ази Номхон далайн бүс нутаг улам их онцгой байр суурь эзэлж байна. Энэ нь Орос улс дэлхийн эрчимтэй хөгжиж байгаа энэ бүс нутагт харьяалагддаг, энэ бүс нутгийн боломжийг Сибирь болон Алс Дорнодын эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглах сонирхолтой, соёл иргэншил хоорондын харилцааг хэвийн болгох, аюулгүй байдлыг хангах, терроризмын эсрэг тэмцэлд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгаа зэргээс үүдэлтэй” хэмээн дурдасныг юуны түрүүнд иш татая." Орос улс Ази Номхон далайн бүс нутагт дээд зэргээр интеграцчилагдах эрмэлзлэл нь зүй ёсны төдийгүй, тодорхой юм. “Орос улсын Алс Дорнодын эдийн засгийн сайн сайхан байдал Ази Номхон далайн бүс нутгийн түншүүдтэй эдийн засгийн харилцааг хэр хөгжүүлэхээс их хамаарна” гэж орос улсын удирдагч тэмдэглэснийг хэлэхэд хангалттай. БНХАУ, Солонгос, Япон улстай тогтоосон хамтын ажиллагаа хангалттай эрчимтэй хөгжиж байгааг тэр тэмдэглэсэн юм. Орос улс түлш эрчим хүчний салбар, тээвэр, сансар, атомын эрчим хүч, шинжлэх ухаан техник, мэдээлэл технологи, харилцаа холбоо, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг салбарт Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай урт хугацаанд хамтран ажиллах зэрэг асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Тухайлбал Солонгосыг дамнасан төмөр замыг Сибирийг дамнасан төмөр замтай холбох зэрэг Солонгосын хойгт томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх тохиролцоонд хүрснийг иш татахад хангалттай. Өмнөд Солонгосоос Хойд Солонгос, Орос улс, түүний нийслэл цааш Европ хүртэл төмөр замаар холбох төсөл нь бүх талд ихээхэн ашигтай гэдэг нь гарцаагүй. Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн бүх оронтой хамтран ажиллах сонирхолтой төдийгүй азийн орнууд орос улсын гадаад бодлогын гол чиглэл гэж үзэж байна.  Оросын гадаад бодлогод азийн чиглэл нь тэргүүн зэргийн зорилтын нэг хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны нийт азийн асуудал эрхэлсэн газрын захирал Хакимов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Энэ чиглэл олон улсын, бүс нутаг, дотоодын эдийн засгийн асуудлыг шийдэхэд Орос улс юуны түрүүнд Хятад улстай идэвхтэй хамтран ажиллана. “Оросын дуу хоолой” радиогийн тоймчийн тайлбарыг хүргэлээ.