Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хятад, Монгол улстай хилийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрээр энэ асуудлаар өнөөдөр Хабаровск хотод үг хэлэхдээ, алс дорнодын бүс нутгийн орнуудад Хятадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй татах шаардлагтай хэмээн тэмдэглэв. “Хятад улс Орос улсын хувьд хамгийн дорвитой, эдийн засгийн хувьд ирээдүйтэй түншүүдийн нэг хэвээр байна” гэж ерөнхийлөгч хэлэв. “Үндэсний валютаар төлбөр тооцоо хийх Хятадын туршлагыг шинжлэн судлах нь зохистой” гэж Д.Медведев тэмдэглэв. Үүнээс гадна Алс Дорнод, Өвөр байгалийг хөгжүүлэх төлөвлөгөөг БНХАУ-ын зүүн хойд нутгийг хөгжүүлэх хөтөлбөртэй уялдуулах асуудлыг ажлын түвшинд хэлэлцэх ёстой гэж тэр үзэж байна. Хятадын түншүүд энэ саналд нааштай хариу өгч, БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай энэ асуудлыг жич хэлэлцсэн гэж Орос улсын төрийн тэргүүн мэдэгдэв. Монгол Улстай хамтран ажиллах тухайд Д.Медведев, Орос улсын тусламжаар Монгол Улсад хэд хэдэн аж үйлдвэр байгуулсан өнгөрсөн үеийн баялаг туршлагыг сануулав. Монголын түншүүдийн танилцуулсан “Алтайн хөгжил” төслийг ерөнхийлөгч онцгой анхаарал хандууллаа. Төслийн хүрээнд хүрээлэн буй орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, ашигт малтмал эзэмшихэд Монгол, Орос, Казахстан, Хятад улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.