Дэлхийн 40 оронд А/Н1N1 томуугийн 10243 тохиолдол бүртгэгдэж, 80 хүн нас барсан тухай ДЭМБ лхагва гаригт батлав. АНУ, Японд өвчний ихэнх шинэ тохиолдол бүртгэгджээ. Мексикт өвчний 3648 тохиолдол бүртгэгдэж, 72 хүн амь насаа алдсан байна.
Хятадын Эрүүлийг хамгаалах яам өнөөдөр А/Н1N1 томуугийн өвчлөлийн хоёр дахь тохиолдлыг албан ёсоор батлав. Торонто хотоос өчигдөр Бээжинд онгоцоор ирсэн Канадын иргэн, хятад гаралтай 21 настай залуу А/Н1N1 томуугаар өвджээ. Энэ Хятад улсад бүртгэгдсэн “гахайн томуун”-ы 9 дэх тохиолдол юм. Хятадын эх газарт өвчний 5 тохиолдол, Гонконгт 3, Тайваньд нэг хүн томуугаар өвдсөн байна. Хятадад гахайн томуу туссан бүх хүн гадаадаас иржээ.
АНУ-д өнөөдөр А/Н1N1 томуугийн шинэ тохиолдол бүртгэгдлээ. Америкийн Аризона муж улсад хүүхэд шинэ вирусын улмаас нас баржээ. Аризона муж улсын Пима тойргийн эрүүлийг хамгаалах газрын мэдэгдсэнээр 13 настай хүү А/Н1N1 томуу хүндэрч, 5-р сарын 15-нд нас барсан байна. АНУ-д шинэ вирусээр 10 хүн нас баржээ.
Италид шинэ вирусын 10 дахь тохиолдол бүртгэгдэв. Тус улсын эрүүлийг хамгаалах яам энэ тухай мэдэгдэв. Италийн хойд хэсгийн Фриули-Венеция-Жулия мужид оршин суугаа 21 настай бүсгүй томуугаар өвджээ. Тэрээр 5-р сарын 15-нд АНУ-аас ирсэн байна. Одоогоор өвчтөн гэртээ эмчийн хяналтанд байна. Өвчтөний биеийн байдалд түгших шаардлагагүй гэж эмч нар үзэж байна.
Японы нийслэлд өнөөдөр А/Н1N1 вирусын анхны тохиолдлыг илрүүллээ. АНУ-аас ирээд удаагүй байгаа 16 настай сурагч томуугаар өвджээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Япон улсад нийт 263 хүн томуу туссан байна.